Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

100 айлын 1,000 лангуу

А.Алиман
2017 оны 4 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг

-Хэзээ ч юм 100 айлтай байсан энэ орчим өдгөө Монголын барилгын материалын ханган нийлүүлэлтийг бараг дангаараа шахам хийдэг төвлөрсөн том зах болжээ. Гэвч барилгын салбарын хөгжлийг даган өөдөлж дэвшин өнгө зассан шинжгүй лангуу голдуу хэвээрээ байгаа нь бас л үнэн юм- 

Монгол Улсын барилгын салбар сүүлийн жилүүдэд хэр эрчимтэй хөгжиж, хөдөлгөөнд орсныг наад захын хэн боловч албан тоо, баримтгүйгээр ч батлан хэлж чадна. Үндэсний статистикийн газрын мэдээллээр бол барилгын салбарын өсөлт 2013 онд 66.5 хувиар, орон сууцны барилгын нийлүүлэлт 50 хувиар тус тус өссөн байлаа. Барилгын салбарын өсөлт чухам энэ үеэс эрчимтэй өссөөр өнгөрсөн Засгийн газрын үеийн тоо баримтаар бол 2016 онд 70 хувийн өсөлтөд хүрсэн гэх мэдээлэл бий.

Барилгын салбар ийнхүү эрчимтэй өсөж, хөгжиж бид үүнийг даган шуугилдаж байх зуураа төдийлөн анзаараагүй орхисон нэг зүйл бол барилгын материалын зах юм. Барилгын материалын зах гэхээр таны санаанд хамгийн түрүүнд өнөө 100 айлынхны дүр төрх санаанд бууж байгаа биз? Тийм ээ, энэ зах ер нь барилгын салбарыг дагаж өсөж, хөгжсөн үү гэх асуултыг тавих цаг болжээ.

Түрээсийн байр дамжин нүүж явдаг нэгэн хувийн компани байгуулагдсанаасаа хойш 11 дэх жилдээ анх өөрийн оффистой болжээ. Санхүүгийн бололцоондоо тааруулан дотоод засалгүй саарлаар нь /бетон/ оффисын талбайгаа хүлээн авч, өөрсдөө хямд төсрөөр засаж, тохижуулахаар тооцсон байна. Ингээд дотоод заслын ажил хийлгэхээр хэд хэдэн барилгын компанид хандсан ба энэ явцдаа инженерүүдтэй солилцсон мэдээллүүд дундаас нэг “хачирхалтай” зүйлийг анзаарснаа гүйцэтгэх захирал нь бидэнд хэлсэн юм.

Юу гэхээр барилгын компаниуд захиалгат ажил авсныхаа дараа төсөв, зурагтаа тааруулан барилгын материалаа бүгдийг нь 100 айлын зах дээрээс худалдаж авдгаа тайлбарлажээ. Тэрчлэн 100 айлын барилгын материалынхан ихэнх нь хувь хүмүүс байдаг учраас НӨАТ-ын баримт, буцаан олголт зэрэг нарийн ширийн зүйл худалдан авагчийн гар дээр ирэхгүй шүү гэдгийг ч учирлажээ. Барилгын компаниудад барилгын материал нь бэлэн байж байдаг, эсвэл өөрсдөө гаднаас авч ирдэг гэсэн ойлголттой явсан хүний хувьд ёстой гайхахаар зүйл байв. 

Барилгын салбарын өсөлт гэрлийн хурдаар цойлсон ийм үед компаниуд том, жижиг гэлтгүй 100 айлаас материалаа авдаг юм бол тэндхийн дэлгүүрүүд ёстой л “цөм хийдэг” байж таарах атал яагаад тэнд “барилгын зах” гээд нүүр бардам хэлчихээр барилга ч босдоггүй, хувь хүмүүс голдуу худалдаачид лангуу хэвээрээ байгаа хэрэг вэ?! Чухамдаа энэ асуулт л анхаарлыг нь татсан учраас засварын ажил захиалагч гайхжээ.

Энэ асуултад зах зухаас нь хариу хайж үзэхэд үнэхээр л 100 айлын барилгын материалын зах дээр худалдаа хийгчдийн дийлэнх нь хувь хүмүүс байдаг аж.

100 айлын барилгын материалын төвлөрсөн төв орчимд өнөөдрийн байдлаар худалдааны төв 11, дунд зэргийн дэлгүүр 14, жижиг дэлгүүр 225 ажилладаг байна. Арай томоор нь “худалдааны төв” гэж хэлэхээр Jobi, Одкон, “Номин” зэрэг 11 дэлгүүрт л гэхэд 518 түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаагийн 379 нь лангуугаар бараа зардаг хувь хүн, байгууллага бол 139 нь буюу 27 хувь нь павильоноор бараа зардаг хувь хүн, байгууллага аж. 

Тэгвэл гаднаа эрх биш хаягтай дунд зэргийн гэж болох 14 дэлгүүрт нийт 271 хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 239 нь лангуунд худалдаа эрхэлж байгаа бол 32 нь павильонд худалдаа эрхэлдэг. Өөрөөр хэлбэл ердөө 12 хувь нь павильоноор, 88 хувь нь лангуугаар худалдаа хийдэг.

Харин тэр орчим нийт 225 жижиг дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээрийн 56 нь лангуугаар 169 нь павильоноор худалдаа эрхэлж байна. 

Ингээд худалдааны төв, дун зэргийн дэлгүүр, жижиг дэлгүүрүүдийг нийлүүлээд тоо гаргавал 100 айлынхны маань 60 хувь нь лангуугаар борлуулалт хийж байгаа бол 31 хувь нь павильоноор худалдаа хийдэг аж. 

Монголдоо цор ганц барилгын материалын зах гэж хэлж болох 100 айл дээр давхардсан тоогоор 1,116 аж ахуйн нэгж, хувь хүн худалдаа эрхэлж байгаагаас нийт лангууны тоо 674, нийт павильоны тоо 340 гэсэн статистик байна. 

Гэртээ аар саар засвар хийх гэсэн иргэдээс авахуулаад байшин барих, барилга босгох компаниуд хүртэл бүгд л өнөөдрийг хүртэл багс бийрнээс өгсүүлээд бараг бүхий л материалаа 100 айлынхнаас худалдан авдаг нь бодит үнэн. Барилгын салбарын эрчимтэй хөгжилтэй зэрэгцээд барилгын материалын зах зээл лав 2012-2014 хооронд 47 хувийн өсөлттэй гарч байлаа. Энэ өсөлт 100 айлын барилгын дэлгүүрүүдэд багагүй хэмжээний борлуулалтын ашиг болж шингэсэн нь тодорхой. 

Хэзээ ч юм 100 айлтай байсан энэ орчим өдгөө Монголын барилгын материалын ханган нийлүүлэлтийг бараг дангаараа шахам хийдэг төвлөрсөн том зах болжээ. Гэвч барилгын салбарын хөгжлийг даган өөдөлж дэвшин өнгө зассан шинжгүй лангуу голдуу хэвээрээ байгаа нь бас л үнэн юм.

Зураг