Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: ОУВС-гийн хөтөлбөрийг авахгүй байх тухай сонголт байхгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн ОУВС-гийн хөтөлбөрт орохоос өөр сонголт байхгүй гэдгийг хэллээ. Ингээд зарим гишүүдийн хэлсэн саналаас хүргэе. 

Тэрбээр "ОУВС-гийн хөтөлбөрийг авахгүй байх тухай сонголт байхгүй шүү дээ. Бас тавьж байгаа шаардлагуудынх нь энийг авна, авахгүй гэсэн ойлголт байхгүй. 

Энэ байдлаа бид зөв ойлгуулах хэрэгтэй. Татварын шаталсан бодлого дэлхийн бүх улсад хэрэгжиж байгаа. Ингэж байж л бид сургууль цэцэрлэгээ барьж, бага орлоготой иргэдээ дундаж давхаргад оруулна. 

Архи тамхи зэрэг дундаж хэрэглээнд татвар тавихаас өөр арга байхгүй.

Яг үүнийг хийхийн өмнө орон нутгийн сонгууль яригдаад больсон. Одоо ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэдэн хүн улс төр хийгээд, улс орноо ийм байдалд оруулчихаад ганган ганган юм яриад байх хэрэггүй. 

Орлого талыг бүрдүүлж буй энэ алхмыг хийхээс өөр аргагүй. ОУВС-гийн шаардлага гашуун санагдаж байгаа нь манай Засгийн газар олон улсаас ямар хол явж ирснийг харуулж байна. 

Иргэдийн бухимдаж байгаа зүйл бол орлого талыг татвараар нэмэх гэж байгаа хэрнээ зарлага талыг танаж чадахгүй байна. Энэ дээр тодорхой саналуудыг харсангүй" гэв. 

Д.Сарангэрэл: Хадгаламжийн хүүнээс татвар авах дээр 100 сая төгрөгийн босго тавихыг дэмжиж байгаа
 

"ОУВС-гийн хөтөлбөрт орж чадаж байгаа нь манай Засгийн газарт итгэж байгаа хэлбэр юм. ОУВС-гийн хөтөлбөрт орсноор бид төсөвөө сахилга баттай болгоно. Дээр нь хамгийн гол нь дэлхий нийт шилээрээ биш нүүрээрээ Монгол Улс руу харна. 

Хадгаламжийн хүүнээс татвар авах дээр 100 сая төгрөгийн босго тавихыг дэмжиж байгаа. Үүнийг тодорхой болгож ард иргэддээ мэдээлбэл хүмүүс тайвширна. 

Тэвчиж болох зардлаа хасч эмзэг бүлгээ халамжиндаа авах боломж үүсгэх тал дээр анхаараасай гэж хүсэж байна" гэв. 

Х.Болорчулуун: Байгалийн баялгаасаа авах татвараа нэмээсэй гэж бодож байна
 

"ОУВС-нд орно гэдэг хүсээд байх юм биш. Хоёр жилийн өмнө Аргентин улсад Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр очиж байсан. Энэ үеэр ОУВС-ийн хөтөлбөр нь байгалийн баялагтай жижиг улс орны хувьд ихээхэн хохирол учруулдаг талаар сонсож байлаа. Иймээс энэ хөтөлбөрт хамрагдах гэдэг нь зөв санагдахгүй байна.

Бидэнд өөр, өөр нөхцөл боломж бий. Би байгалийн баялгаасаа авах татвараа нэмээсэй гэж бодож байна. Яагаад жирийн иргэд 15 хувиар татвараа төлж байхад, газар усаа бохирдуулсан хүмүүс үүнээс бага татвар төлдөг юм. 

Импортын татварыг ч гэсэн тавимаар байна. Тэгж байж үйлдвэрлэл ярихгүй бол ажлын байр нэхсэн хүмүүс Монголоор нэг байна. 

Ажлын байр нэмэхгүйгээр Монголоос дайжиж байна. Энэ татваруудыг нэмэх шаардлагатай байгааг анхаарч үзээсэй" гэв. 

Чуулганаар ОУВС-гийн хөтөлбөр, төсвийн тодотголыг хэлэлцэж холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.