Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Азтай бадарчин” хошин урлагийн их наадмын шилдгүүд

ikon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN
 

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ.

Хошин урлагийнхан энэ сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулсан тус наадам 13 жилийн дараа ийнхүү үзэгчиддээ хүрч байгаа нь энэ юм.

Энэ үдэш “Азтай бадарчин 1994” наадмын алтан цомын эзэн, тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1998” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Жагдаг, “Азтай бадарчин 1999” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Галсантогтох, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан нарын алдартнууд, хошин урлагийн ахмадууд шүүгчдийн суудлаас уран бүтээлчдэд дүн тавьлаа. Мөн үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан юм.

Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа наадмыг нээж хэлсэн үгэндээ “Төрөөс баримтлах соёлын бодлого, хууль тогтоомжийн дагуу соёл урлагийг хөгжүүлэх, драмын урлагийн нэг төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн сэтгэл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилгоор “Азтай бадарчин”  хошин урлагийн шилдгийг шалгаруулах уламжлалыг НЗДТГ-аас дэмжин зохион байгуулж байна.

 

НЗДТГ-аас нийслэл хотоо “Урлагийн хот Улаанбаатар” болгох зорилт тавин ажиллаж байгаагийн илрэл нь 13 жилийн дараа зохион байгуулж байгаа өнөөдрийн наадам юм. Энэ үдэш нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг дүгнэн цэгнэж, шилдгээ шалгаруулах гэж байгаа хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.

Хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадлыг нь сорилоо. Ийнхүү 5 цаг гаруй үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгарууллаа.

“Азтай бадарчин 2017” наадмын шилдгүүд

“Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр,

 

“Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч, алтан цомын эзэд боллоо.

 

“Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ,

 

Шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм.

 

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс