Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Android анх удаагаа Windows-ийн дээр гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард зөвхөн гар утас биш, интернэтэд холбоотой бүх төхөөрөмжүүдийн хувьд хамгийн өргөн хэрэглэгддэг үйлдлийн системийн титмийг Android систем Windows-ээс булааж авсан байна.

Statcounter статистик мэдээллийн компанийн гуравдугаар сарын тооцооллоор интернэтэд холбоотой бүх төхөөрөмжүүдийн (гар утас, таблет, PC) 37.93 хувь нь Android системтэй байсан бол 37.91 хувь нь Windows системтэй байжээ.

Google-ийн Android систем анх удаагаа Microsoft Windows-ийн дээр гарч байгаа нь энэ юм.

 

Энэ тооцоог хийхдээ Statcounter сард 15 тэрбумаас дээш хуудасны хандалттай (page view), гурван сая гаруй вэб сайтын статистик дээр үндэслэжээ.

Android-ийг ингэж өсөхөд нөлөөлсөн зах зээл нь Ази байсан байна. Судалгаанд дурдсанаар Хойд Америкийн зах зээлд Windows (39.5%), iOS (25.7%), Android (21.2%) дарааллаар тэргүүлсэн хэвээр байгаа бол Европт мөн Windows (51.7%), Android түүнээс хоёр дахин бага (23.6%) эзлэмжтэй байгаа ажээ.

Харин Ази тивд Android 52.2 хувиар тэргүүлж, Windows 29.2 хувь болсон байна.

Майкрософт ийнхүү 1980-аад оноос эхэлсэн үйлдлийн системийн давамгайллаа анх удаа алдаж байгаа юм. Харин мобайл хэрэглээг хасаж харвал Windows нь 84 хувийн эзлэмжтэйгээр ноёрхсон хэвээр байна.

Ерөнхийдөө хүмүүс ширээний компьютерээс салж, гар утаснаас интернэтэд орох болсон хандлага үргэлжилсээр байгааг энэ судалгаа баталжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb