Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Ипотекийн найман хувийн зээл зогсоогүй"

ikon.mn
2017 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанк ипотекийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу сар бүр санхүүжилтээ олгож байна.

Гэтэл зарим банк “Монголбанкнаас санхүүжилт олгохгүй байгаа. 8 хувийн зээл зогссон” гэх зэргээр харилцагчиддаа мэдээлэл өгч байгаа талаар иргэд удаа дараа гомдол мэдүүлж, Монголбанканд хандаж байна. Иймд Монголбанкны зүгээс нийт банкуудад хандан ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай үнэн бодит мэдээллээр хангахыг хүссэн албан тоот илгээлээ. 

Уг албан тоотод:

“Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэв. 

Дашрамд дурдахад, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу Монголбанк ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй.

Аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд Монголбанк шинэчилсэн журмын хүрээнд ипотект зориулж, 142.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 2,042 иргэний ипотекийн 5 болон 8 хувийн зээлийг шийдвэрлээд байна.