Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ “орос” авгайн мэдэлд очжээ

Г.Очир, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 1938 онд анх төмөр замтай болсон түүхтэй. Хэдийгээр энэхүү төмөр зам нь улс хоорондын ачаа тээврийн бус Улаанбаатар хотын иргэдийг нүүрсээр хангах зориулалттайгаар УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөн төмөр замыг өөрийн хуч хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан явдал.

Харин УБТЗ-ын тухайд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах төсөл 1948 онд хийгдэж, 1949 онд Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замын эхний хэсгийг, үлдсэнийг нь 1955 онд ашиглалтад оруулсан байдаг. БНМАУ-ын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтыг даган Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай-Багануур, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн зэрэг салаа замуудыг байгуулж ашиглалтад оруулсан нь өнөөдөр ч ашиглагдаж буй. 

Эдүгээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг нь 80 гаруй өртөө зөрлөг бүхий 1,815 км урт төмөр замтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Түүхэн он цагийн хэлхээс дундаас 1991 онд УБТЗ-ын ХЭГ-ын даргаар Р.Раш сонгогдсон нь УБТЗ-ын 42 жилийн түүхэнд анх удаагаа монгол хүн, монгол мэргэжилтэн дарга болсон үйл явдалд төмөр замчид ач холбогдол өгч, чухам эл үг өгүүлбэрийг тодруулж тодотгосон байх юм билээ. 

БНМАУ Евроазийг холбосон төмөр замтай болсон тэр цагаас орос дарга нарыг тахин шүтэж, тэдний өмнө бөхөлзөн өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлдэг байсан тогтолцоог халсан явдал монголчуудын хувьд том алхам байсан юм, уг нь. 

Хамгийн гол нь Р.Раш гэх хувьд хүнд бус монгол хүн хувь нийлүүлсэн байгууллагыг удирдана гэдэгт хэргийн учир оршиж байсан байж ч мэднэ. Энэ УБТЗ-ыг 14 жил удирдсан төдийгүй салбарын сайдаар ажилласан удаатай. Харин эдүгээ монголчуудын тарвалздаг хөг өнгөрч, орос авгайн гар харж, түүний өмнө бөхөлзөөд ч нэмэргүй болсон байна.

Тодруулж хэлбэл, хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн орлогч Светлана Яковлевна Усольцева гэх эмэгтэй бүх санхүүгийн бүх эрх мэдлийг авч, монголчуудыг хөдөлгөхөө больжээ. Тодруулж хэлбэл, бүх зүйлийг Оросын тал шийддэг болсон гэсэн үг. Социализмын үед оросууд хэрхэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг байлаа. Тэр амьдрал эргээд иржээ.

Оросууд юуны учир монголчуудад хатуурхах болов гэдгийн цаана монголчуудын увайгүй араншинг дарах гэсэн ах нарын даалгавар явж байгааг ч үгүйсгэх аргагүй. Тийм байдлыг Л.Пүрэвбаатар болон түүний нөхдүүд тавьсан аж.

Түүнийг дарга болохоос өмнө Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай асуудлаар хоёр талын ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сард ОХУ-д уулзах үеэр хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хөтөлбөрт тусгах томьёоллыг тохирсон байсан ч Л.Пүрэвбаатарын тарьсан гайгаар хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болсноос үүдэн оросууд өт адил гозолзох болж.

Оросууд Монголын төмөр замчдад хатуу хандаж байгаагийн цаад учир нь монголчууд орос ах нараа жийж, урд хөршийг сонирхон хувь эзэмшүүлэх талаар хэсэг шуугьсан асуудал байж мэднэ. Үнэн байж мэдэх баримтын тухайд, Зам тээврийн сайд асан М.Зоригтын Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн “Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын улс төр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна” гэсэн мэдэгдэл үүнийг нотлох буй за.

Тиймээс оросууд монголчуудын уяаг нь уртасгаж, угаадсыг нь ахиухан өгөх аваас толгой дээр гарч бидний хувийг хятадуудад зарж мэдэх юм байна гэж ойлгосон байх. Чухам цагийн хатууд оросуудыг эрх мэдэлтэй байх үед ч Санхүү эрхэлсэн орлогч даргын албан тушаал Монголын тал, монголчуудын мэдлийн албан тушаал “өмч нь ” байсан юм.

Нөгөөтээгүүр, Л.Пүрэвбаатар хувь нийлүүлсэн УБТЗ-ын даргаар хэдэн жил ажиллахдаа төмөр замыг бужигнуулах шиг болж, төмөр замчид ч хөл толгойгоо олохгүй хэсэг бужигнуулсан нь эдүгээ ил болоод байна. Албан тушаал бүрийг шат шатанд нь үнэлж, нам дагагсдаар өөрийгөө тойрон хүрээлүүлсэн гээд түүний талаарх мэдээлэл цахим ертөнцийн архивд өнөөдрийн үйл явдал мэт сонирхолтой хэвээр. 

Тэрбээр Ерөнхий сайд болон салбарынхаа сайдад таалагдахын тулд УБТЗ-ын үндсэн бүтцийг задалж, шинээр байгуулсан алба болгондоо мэргэжлийн бус хүмүүсийг томилж, бизнесийн байгууллага болгон хувиргасан байх жишээтэй. Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ажиллаж байхдаа 170 хүнтэй ажиллаж байсан удирдах газрыг 370 хүнтэй болгож, томруулсан бол арван жилийн дараа УБТЗ-ын даргаар эргэж ирэхдээ мөнөөх 370 хүнийхээ тоог дахин 20 хувиар өсгөсөн байдаг.

Харамсалтай нь тэр хүн таньдаггүй. Л.Пүрэвбаатарын томилсон дарга нар хувь нийлүүлсэн байгууллагыг хөл толгойгүй болтол нь бужигнуулж орхисныг хуучин хэвэнд нь оруулах гэж мэрийвч улс төрийн нөлөөллөөс улбаалан ширээ тойрохоос хэтрэхгүй байгаа бололтой.

Өмч хөрөнгө идсэн уусан, баяжсан асуудалд долоон даргын нэр холбогдож, эдүгээ АТГ-т шалгагдаж байгаа бол Баянтүмэн өртөөний дарга нь төмөр замаа хуулан зарсныг юу гэж ойлгох вэ. Нөхцөл байдал ийм дээрээ тулаад байгаа бол орос авгайн атганд орох юу ч биш болж урьдын адил орос дарга нарынхаа гутлын улыг долоогоод л явж байхаас.

Зураг