Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани iPhone 5-ыг “халамжлахаа” зогсооно

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 31
IKON.MN
Зураг зураг

Apple компани зарим нэг хуучин гар утасны загваруудынхаа програм хангамжийн шинэчлэлтийг зогсоож магадгүй байна.

Тус компанийн хөгжүүлэгчдийн вэбсайтад iOS-ийн дараагийн хувилбар болох туршилтын шатандаа байгаа 10.3.2-ын дэмжих төхөөрөмжүүдийн жагсаалтыг гаргажээ.

Гэтэл эндээс iPhone 5, iPhone 5C болон дөрөв дэхь үеийн iPad хасагдсан байна. Ингэснээр Apple компани энэ жилээс дээрх төхөөрөмжүүдэд зориулсан програм хангамжийн шинэчлэл гаргахгүй, зөнд нь хаяна гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл вирус, системийн цоорхой шинээр илэрвэл засварлах, хамгаалах сайжруулалт хийхгүй болно. iPhone 5, iPhone 5C, дөрөв дэхь үеийн iPad нь 2012, 2013 онуудад зах зээлд гарч байсан ба одоогоор үйлдвэрлэлээс гарсан байгаа. Гэхдээ iPhone 5 нь зах зээлд хамгийн их хэрэглэгддэг загваруудын нэг юм.

Эдгээр нь бүгд A6 чиптэй буюу Apple-ийн үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн 32 битийн архитектуртай төхөөрөмжүүд. Apple дараа нь 64 битийн архитектуртай A7 чип нэвтрүүлсэн. Хамгийн сүүлийн iOS системтэй утсанд хуучин 32 битэд хөгжүүлсэн аппликэшнийг нээхэд “Энэ апп цаашдын iOS-ийн хувилбарууд дээр ажиллахгүй” гэсэн мэдээлэл гардаг болсон байна.

Хэдийгээр Apple албан ёсоор iPhone 5, iPhone 5C загваруудын програм шинэчлэлтийг зогсоож байгаагаа зарлаагүй ч iOS 10.3.2-ийг гарахын өмнөхөн энэ талаар мэдээлж магадгүй боллоо.

Жич: iPhone 5S загвар нь 64 битийн архитектуртай тул хасагдах болоогүй байгааг анхаарна уу.

 

Эх сурвалж: Independent