Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зандан-Оргил: Фагот ямар хөгжимтэй илүү хослох вэ гэдгийг харуулна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

Фагот хөгжимчин Б.Зандан-Оргил гоцлол болон цөөхүүл хөгжмийн тоглолтоо энэ сарын 4-нд хүргэх гэж байна. Тэрбээр ОХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд энэ чиглэлээр суралцаад иржээ. Тоглолтыг “UB Chamber Music” төслөөс зохион байгуулж байна.  “Өөр зочин” буландаа фагот хөгжимчин Б.Зандан-Оргил болон “UB Chamber Music”-ийг үүсгэн байгуулагч, Морин хуурын чуулгын удирдаач, гоцлол хөгжимчин  Н.Жигжиддорж нарыг урьж ярилцлаа.

-Фагот хөгжим гэхээр их содон сонсогдож байна. Энэ хөгжмийнхөө талаар танилцуулахгүй юу?

Б.Зандан-Оргил: -Энэ нь Италийн үндэсний хөгжмийн зэмсэг байгаа юм. Сонгодог модон үлээвэр хөгжимдөө ордог.

Гуулин үлээвэртэй их ойролцоо. Би энэ чиглэлээр ОХУ-д суралцаад ирсэн. Их өвөрмөц хөгжмийн зэмсэг учраас сонирхлыг маань их татдаг байлаа. Надаас өөр энэ хөгжмөөр ОХУ-д магистрын зэрэг хамгаалсан хүн одоогоор байхгүй байна. 

-Яагаад энэ хөгжмийг сонгон суралцах болсон юм бэ?

Б.Зандан-Оргил: -Багаасаа урлагт дуртай хүүхэд байлаа. Тэгээд өвөө эмээ маань хөгжим бүжгийн коллежид оруулсан. Сургуулийнхаа босгоор ороод л мэргэжлийн  багштайгаа таарсан. Тэгээд өөр хөгжмөөр хичээллэе, энэ сонирхолгүй юм гэж урваж шарваж байсангүй. Амьдралынхаа ихэнх хугацааг фагот хөгжимтэйгөө өнгөрүүллээ.

-Фаготын онцлог, дуугаралт, хүнд өгөх мэдрэмжийн тухай юу хэлэх вэ?

Б.Зандан-Оргил: -1500-гаад оны үед Италийн нэгэн хотод үүсэж хөгжсөн байдаг. Анх 2-3 метр урт, ганц хоёрхон даралттай байсан юм билээ. Тэгээд хөгжлийнхөө явцад шинэчлэгдэж явсаар одоо ид хүчээ авч байгаа. “UB Chamber Music” төслөөс санаачлан миний анхны тоглолтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Тоглолтоороо Фагот хөгжим маань ямар хөгжимтэй илүү хослох вэ гэдгийг харуулахыг зорьж байна.

-Ер нь ямар хөгжимтэй илүү зохицдог юм бэ?

Н.Жигжиддорж: -Гобой үлээвэр хөгжим, морин хуур, төгөлдөр хуур, контрабасс, морин хийл гээд бүхий л хөгжимтэй хосолдог. Удахгүй болох тоглолтоор  фагот ямар хөгжимтэй илүү хослох вэ гэдгийг харуулахыг зорьж байна. Хүн бүхний мэдрэмж өөр шүү дээ. Тэр хослолыг бүгд өөрсдийнхөөрөө хүлээн авна байх.

-Морин хуурын чуулгаар сонин ихтэй юу. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?

Н.Жигжиддорж: -Манай чуулгын 25 жилийн ой болж байна. Ойдоо зориулан томоохон тоглолт, шинэ уран бүтээл хийхээр бэлтгэж байгаа. Саяхан киноны хөгжмийн тоглолтоо амжилттай зохион байгууллаа. Ирэх сард  орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжилсэн уран бүтээлийн үдэш зохион байгуулахаар ажиллаж байна даа.

-Өөрөө Морин хуурын чуулгын хөгжимчнөөр ажиллахыг зэрэгцээ “UB Chamber Music” нэгдлийг үүсгэн байгуулжээ?

Н.Жигжиддорж: -Энэ талаар их эртнээс бодож төлөвлөж байсан. Гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрлийн уран бүтээлчдийг нэгтгэж энэ хөгжмийг үзэгчдэд таниулах мөрөөдөл байгаад байлаа. Энэ жил бид эхний алхмаа хийж, ямар ч гэсэн “UB Chamber music”-ээ байгуулсан.

Одоо артист Б.Зандан-Оргилынхоо тоглолтыг зохион байгуулж байна. Энэ нь бидний хийж байгаа анхны тоглолт юм л даа. Цөөхүүл болон сонгодог хөгжим үүссэн цагаас эдүгээг хүртэл олон зуунаар хөгжсөөр ирсэн. Хөгжмийн урлагийн маш нарийн төрөл бөгөөд хөгжимчдөөс өндөр ур чадвар мэдрэмжийг шаарддаг л даа.

-Тоглолтын хөтөлбөрт ямар уран бүтээлүүд багтсан вэ. Цөөхүүл хөгжмийн тоглолт их л сонирхолтой хөтөлбөртэй байж үзэгчдэд хүрэв болов уу?

Н.Жигжиддорж: -Бид хөтөлбөрөө их бодож боловсрууллаа. Польш, Япон, Францын алдартай хөгжмийн зохиолчдын  сонатыг тоглоно. Моцартын бүтээлүүдээс орж байна.  “Севилийн үсчин”-гийн аринууд гээд сонгодог урлагт хайртай үзэгчдийн сонсох дуртай бүтээлүүдийг тоглож байна.

- Дан хөгжмийн тоглолтыг мэргэжлийн уран бүтээлчид энэ урлагийг ойлгодог хэсэг бүлэг хүмүүс үзэх нь бий.   Ер нь зорьж ирсэн үзэгчиддээ ямар мэдрэмж өгөхийг хүсч байна вэ?

Б.Зандан-Оргил: -“UB Chamber Music” яагаад хөгжмүүдийн хоршсон хэлбэрийн тоглолт хийж байна гэхээр ердөө л үзэгчдээ татах юм. Сонгодог хөгжмийг ойлгож хүлээж авах хэсэг манайд цөөн байна. Тэгэхээр сонирхоод шинээр ирж байгаа хүмүүст энэ хөгжмийн гайхамшгийг энгийн сонирхолтой аргаар хүргэхийг хүссэн. Фагот хөгжим маань, үндэсний болон үлээвэр, төгөлдөр хуур гээд олон хөгжимтэй хоршиж болох юм гэсэн мессежийг нийгэмд өгөхийг зорьж байна.

Н.Жигжиддорж: -Цөө­хүүл хөгжим гэхээр хүмүүс сайн ойлгохгүй байх тал бий. Тэгэхээр манай тоглолтоос энэ ойлголтыг авч болно л доо.

-Нийгмийн цөөхүүл сонирхдог энэ хөгжмийг сонгон авч “UB Chamber Music” байгуулан анхны тоглолтоо хийх гэж байгаа гэхээр сонирхолтой юм аа. Мэргэжлийн хөгжмийг хүмүүст ойлгуулах гэсэн зорилго тань сайхан байна?

Н.Жигжиддорж:- Хөгжим бол дэлхий нийтийн урлаг. Манайд л хөгжил  жаахан хоцорч яваад байдаг. Сайхан залуус маань хөгжмийг чиглэлээр Олон улсад мэргэжил эзэмшээд ирж байна. Гэтэл ганцхан театртай. Ажиллах газар ч байхгүй байна. Тэгэхээр энэ чиглэлд ажиллах хэрэгтэй юм байна гэж бодсон.

Мөн хүмүүсийн хөгжмийн боловсролд хувь нэмрээ оруулах ёстой гэдгийг олж харсны үндсэн дээр уран бүтээлчид маань нэгдэж “UB Chamber Music”-ийг байгуулсан. Бидэнд Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ зүйлийг хийж, хүмүүсийг энэ урлагт хайртай болгох чин хүсэл бий.

Зураг