Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг “засварласан” Galaxy Note 7 гар утаснуудаа дахин гаргахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд зай тэжээлийн доголдолтой Galaxy Note 7 гар утаснуудаа Самсунг компани зах зээлээс эргүүлэн татсан билээ.

Тэгвэл ингэж татсан хэдэн сая гологдол бүтээгдэхүүнээ “байгальд хоргүйгээр” ашиглах төлөвлөгөөгөө Самсунг  зарлажээ. Ингэхдээ тэд шинэчилж, сэлбэсэн гар утсаа шинэ бүтээгдэхүүн гэж биш, “засварласан буюу түрээсийн” гар утас гэсэн нөхцөлтэйгээр зах зээлд дахин хүргэх юм байна.

Улс орон бүрийн эрх баригчид, оператор компаниудтай зөвлөлдөж байж, яг ямар нөхцөлтэй гаргахаа шийднэ гэж Самсунг мэдэгджээ.

Өнгөрсөн онд Самсунг дөрвөн сая орчим Galaxy Note 7 гар утсыг эргүүлэн татсан юм. Утас хэт халж шатах болсон шалтгааныг Самсунг зай тэжээлийн доголдолтой холбож тайлбарласан.

Харин эдгээрийг хог хаягдал болговол байгаль орчинд сөрөг нөлөөтэй тул дахин ашиглах арга зам хайхыг Greenpeace байгууллагынхан Самсунг компанид уриалж байсан юм.

Greenpeace East Asia байгууллагын төлөөлөгч Жюд Ли мэдэгдлийн дараа хэлэхдээ “Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүс санал нэгдэж, Самсунгийн гүйцэтгэх захиралд захидал илгээсний дүнд тэд биднийг сонслоо” гэсэн байна.

Гар утсыг зах зээлд гаргах хугацаа нь дээр дурдсанчлан орон бүрийн харилцагч байгууллагуудтай ярилцаж тохирсны дараа тус тусдаа зарлагдах юм.

 

Эх сурвалж: The Guardian