Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурван гол"-оос "Сентерра гоулд"

Б.Энхзаяа
2017 оны 3 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

-Гэрээтэй холбоотой бүхий л зүйл ил тод нээлттэй өрнөх ёстой-

Монгол Улсын эдийн засгийн дараагийн хөдөлгөгч хүчээр нэрлэгдээд байгаа Гацууртын ордыг энэ онд багтаан хөдөлгөнө гэж саяхан Сангийн яамнаас мэдэгдлээ. Дөрвөн Засгийн газрын нүүрийг үзсэн тус ордыг Монголын төр стратегийн ордод хамааруулж, Засгийн газрын эзэмших хэмжээг 34 хувиар тогтоосон.

Эдүгээ тус ордын асуудал гэрээ байгуулах шатандаа түр зогсчихоод буй. Үүнтэй зэрэгцэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн хөдөлгөөн шүүхэд нэхэмжлэл гарган, тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал арав гаруй удаа товлогдсон ч одоогоор шийдтэй хариу гараагүй байгаа юм.

Гацууртын орд гэхээр Ноён уулын булш, түүх соёлын дурсгал хөндөгдөх эрсдэлийг олон түмэн, мэргэжлийн хүмүүс өнгөрсөн хугацаанд хэлэлцсээр ирэв. Тэгвэл Сангийн яамны мэдэгдсэнээр тун удахгүй хөдөлгөөнд орох Гацууртын ордын орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нөхцөл тохирсон, энэ нь Монгол Улсад ямар ашигтай байх зэрэг олон чухал асуудал бий. Үүний цаана Монгол Улсын иргэн баялагтаа эзэн байж чадах уу, Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялгаас тэгш хүртэх эрхээ эдлэх үү, Монгол Улс байгалийн баялгийн засаглалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ зэрэг чухал асуудлын шийдлийг харуулж чадах томоохон төсөл ч гэж харж болох юм.

ГАЦУУРТЫН ОРДЫН АЛТНЫ ҮНДСЭН СУДЛЫГ 1997 ОНД ТОГТООЖЭЭ

Эдүгээ Монгол Улсын саалийн үнээ болгохоор зэхэж буй Гацууртын ордыг өмнө нь хэдэнтээ судалсан түүх бий. Анх 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн бөгөөд алтны шороон ордын олборлолтыг “Гурван гол” компани хийжээ. Дараа нь 1992-2000 онд “Гацуурт” компани судалгааг үргэлжлүүлж, шороон ордын олборлолтын явцад алтны үндсэн судлыг 1997 онд олж тогтоосон байна. “Гацуурт”-аас уг ордын тусгай зөвшөөрлийг “Камеко гоулд Монголия” /одоогийн “Сентерра гоулд Монголиа”/ компани худалдан авснаар 2001 онд төв ба үндсэн бүсэд эрэл-үнэлгээний ажлыг хийжээ.

2004 онд нэмэлт хайгуул хийж, 2005 онд нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгүүлж, дараа жил нь ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хүлээн авчээ. 2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг 2013 онд бүртгүүлсэн байна. Түүний дараа ТЭЗҮ-ийг дахин боловсруулсан ажээ.

Ордын нөөцийг анх 70 тн хэмээн зарлаж байсан ч эдүгээ Засгийн газар, УИХ-ын төвшинд хэлэлцсэн баримт бичгээр бол 50 тн болоод буй.
Гацууртын ордыг хөдөлгөх хэд, хэдэн оролдлого өнгөрсөн Засгийн газруудын үед өрнөж байлаа. “Сентерра гоулд Монголиа” компанитай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж санал боловсруулах ажлын хэсэг хоёр удаа байгуулагдан ажиллав.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан анхны ажлын хэсгийг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ахалсан бол хоёр дахийг Уул уурхайн яамны дэд сайд асан Г.Тэмүүлэн ахалж, ордын гол хэлэлцээг хийсэн юм. Энэ нь алтны 50 тоннын нөөцтэй Гацууртын ордын гол асуудлыг тусгасан Харилцан ойлголцлын санамж бичиг юм.

УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ, ТЭЭВРИЙН ЗАМ БАРИХГҮЙ

Монгол Улсын Засгийн газар “Сентерра гоулд Монголиа” компанийн хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт есөн зүйлийг тохиролцжээ. Үүнээс анхаарал татсан хэд, хэдэн асуудал байгаа юм. Санамж бичигт дурдсанаар Гацууртын ордын тусгай зөвшөөрөл нь хуулийн дагуу хүчин төгөлдөр байгааг баталгаажуулах үүргийг Засгийн газар хүлээжээ.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал шүүхийн шатанд яваа ч Засгийн газар өөрөө тогтвортой барих үүргийг хүлээчихсэн байгаа нь шүүхийн асуудал ард түмний талд шийдэгдэнэ гэхэд эргэлзээтэй болж байна гэсэн үг.

Түүнчлэн ил уурхайгаас гарсан газрын доорх усыг шавхан зайлуулахтай холбоотой төлбөрөөс компанийг чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх, сайжруулсан замыг хатуу хучилттай болгох шаардлагыг Монголын тал тавихгүй байхыг тусгасан байгаа юм. Хариуцлагатай уул уурхайг бий болгох төр засгийн шийдвэрийн дагуу уул уурхайн компаниуд тээврийн зам барих, ашигласан усныхаа төлбөрийг шударгаар төлөх зэрэг байгаль орчинтой холбоотой асуудлыг хуульчлаад байгаа.

Гацууртын ордын тухайд ч энэ зарчим адилхан үйлчлэх ёстой. Гэтэл газрын доорх ус хэрэглэснийхээ төлбөр төлөхгүй, дээрээс нь тээврийн замыг хатуу хучилттай болгохгүй гэж буй нь өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг ялгаварласан, эцсийн дүндээ Монгол орны байгаль орчин, хүн ам, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үйлдлийг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд тээврийн зам, ус ашиглахтай холбоотой асуудал уул уурхайн хайгуул, олборлолт хийгдэж буй аймаг бүрт хөндөгдөж тэр хэрээр байгаль орчин сүйдэж, нутгийн уугуул иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн билээ. Сайжруулсан нэртэй уул уурхайн тээврийн зам байгаль орчинд ямар хор хөнөөл учруулсныг биеэр амссан жишээ зүүн аймгийнханд бий.

ЭЦЭГ НЬ ХҮҮГЭЭ САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ, ХҮҮТЭЙ ЗЭЭЛҮҮЛНЭ

Түүнчлэн Харилцан ойлголцлын санамж бичигт анхаарал татсан бас нэгэн заалт байна. “Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаардагдах санхүүжилтийг “Сентерра гоулд корпораци”-аас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн хүүг 8.5 хувиар тооцож албан татвар ногдуулахгүй байхаар тохиров” гэж. Үүнээс бас л Монголын талд ашиггүй байх олон зүйл харагдаж байгаа юм.

“Сентерра гоулд Монголиа”-ийн хэрэгжүүлж байгаа төсөлд толгой компани нь зээлэх биш санхүүжүүлэх үүрэгтэй баймаар. Гэтэл энэ заалтаар эцэг нь хүүдээ мөнгө зээлээд зогсохгүй, хүүхэд нь ашиг олтол зээлийнх нь хүү 8.5 хувиар үржсээр байх нь. Нэг ёсондоо Гацууртын ордоос Монгол Улсад орох ашиг тэр хэмжээгээр л багасна гэсэн үг. Тэгээд зогсохгүй албан татвараас чөлөөлөх ёстой гэж байна. Энэ нь бас л бидний хувьд алдагдалтай заалт.

Уг нь санамж бичиг байгуулах ажлын хэсгийн анхны ахлагч Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “...“Сентерра гоулд Монголиа”-д татварын ямар нэгэн хөнгөлөлт эдлүүлэхгүй, авах ёстой бүх татвараа авдгаараа авна” хэмээн хэвлэлд ярьж байв.

САНАМЖ БИЧГЭЭР ХАЛХАВЧИЛ САН ГЭРЭЭ ЮМ БИШ БИЗ

Ер нь Монголын томоохон ордтой холбоотой гэрээ эх орондоо биш хилийн чанадад хийгддэг жишигтэй. Дубайн, Торонтогийн гээд л үргэлжилнэ. Оюутолгойн гэрээг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Дубайд хийж дуулиан дэгдээсэн. Гэхдээ энэ анхны тохиолдол биш. Өмнө нь “Петрочайна дачин тамсаг” компанийн газрын тосны гэрээ, гэрээний хэрэгжилт, тайланг хэлэлцэхдээ Монголд бус Тайланд, Хонконг гээд Азийн орнуудад болдог байв.

Гацууртын ордын асуудлыг ч Канадын Торонтод хэлэлцсэн. Төслийн хэлэлцээ хаана, хэзээ, хэний санхүүжилтээр хийгдэхээс хамаарч тухайн хэлэлцээнд зохион байгуулагч талын ашиг сонирхол давамгайлдаг бичигдээгүй хууль олон улсад бий. Өөрөөр хэлбэл, Монголын томоохон төслийг гадаадад хэлэлцсэн асуудлуудад тухайн улсын ашиг сонирхол шингэсэн жишээ ч байна.

Үүнээс гадна Гацууртын ордын талаарх санамж бичиг албан бусаар гэрээ гэж нэрлэгдэх төвшинд хийгдсэн гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байгаа юм. Дээр дурдсан есөн зүйлд орд ашиглахтай холбоотой бүх үндсэн нөхцөлүүдийг тохирсон нь тэднийг ингэж хардахад хүргэж буй бололтой. Талуудын эзэмших хувь, гурван хувийн татвар, компанийн эрх, Монголын Засгийн газрын хүлээх үүрэг гээд л. Эдгээр олон тохиролцоо нь албан бусаар гэрээний эх загвар бэлэн болжээ гэж харж болно гэж уул уурхайн салбарын хүмүүс хэлж байна.

ТЭЗҮ-Г ЯАГААД ШИНЭЧЛЭХЭЭР БОЛОВ?

Нийтлэлийн эхэнд өгүүлснээр Гацууртын ордын ТЭЗҮ-ийг “Сентерра гоулд Монголиа” компани хоёр удаа шинэчлэн боловсруулж байж. Тэгвэл хамгийн сүүлд оны өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс орд ашиглах ТЭЗҮ-д тодотгол хийж, шинжээч томилуулах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлжээ. Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 39 дүгээр тушаалаар байгуулсан ажлын хэсэг уг ТЭЗҮ-ний тодотголд шүүмж дүгнэлт хийж хариу тайлбарыг “Сентерра гоулд” компанид хүргүүлснийг эх сурвалж өгүүлэв.

Шинжээчийн дүгнэлтийн дагуу холбогдох засвар өөрчлөлтийг хийж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-г хэлэлцүүлснээр орд ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдэх аж. Ер нь ТЭЗҮ-ийг байн байн өөрчлөх, шинэчлэх нь ашиглуулагч талд тийм ч таатай зүйл биш. Анхны тохирсон нөхцөл, нөөцийн хэмжээнд өөрчлөлт орж байна гэсэн үг. Өөрчлөлт оруулахдаа нөөц нэмэгдэхгүй нь мэдээж.

Ямартаа ч Гацууртын ордыг тойрсон гэрээний асуудал иймэрхүү шатандаа өрнөж байна. Монгол Улс анхны тохирсон ашиг, хувиа нэмж чадахгүй юм гэхэд багасгахгүй авч үлдэх гол нөхцөл нь ил тод байдал. Угаас уг ордтой холбоотой гэрээнүүд захиргааны гэрээнд тооцогдоно. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны гэрээг байгуулахдаа олон нийтийн сонсгол хийх заалттай. Үүний дагуу ордын хувьд нөлөөлөлд өртөх, ашиг хүртэх иргэдээс санал авч, гэрээтэй холбоотой бүхий л зүйл ил тод нээлттэй өрнөх ёстой.

Зураг