Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын араар Герман, Япон улсууд эвлэлдэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Германы канцлерь Ангела Меркель нар

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп чөлөөт худалдаа хэрэгтэй эсэх талаар маргалдаж байх зуур Герман, Японы төрийн тэргүүнүүд үүний эсрэг хамтран ажиллах зарчмаа ярилцаж, санал нэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Германы канцлерь Ангела Меркель АНУ-д айлчилж, Дональд Трамптай анх удаа уулзсан нь төдийлөн үр дүнтэй болоогүй ба талууд үзэл санааны нэлээд зөрүүтэй байгаа нь харагдсан юм.

Германы Хановерт нээгдсэн CeBIT технологийн үзэсгэлэнд оролцохдоо Ангела Меркель, Шинзо Абэ нар хэдийгээр Америкийн засгийн газрыг нэр зааж хэлээгүй ч Трампын баримталж байгаа хувиа хичээх зарчмаас хол байхаа амлацгаажээ.

“Чөлөөт худалдаа, нээлттэй хил хязгаар, ардчиллын үнэт зүйлсийн талаар маргалдаж байгаа энэ цаг үед Япон, Герман улсууд ийм санал зөрөх асуудалгүйгээр хүн арддаа ашигтай гэрэлт ирээдүйг харж байгаа нь сайны дохио” гэж Меркель үзэсгэлэнгийн нээлтэн дээр Японы ерөнхий сайдтай уулзахдаа хэлсэн байна.

Их 20-ыг даргалж байгаагийнхаа хувьд Герман улс энэ зарчмаасаа ухрахгүй гэдгийг тэр бас нэмж хэлжээ.

Хоёр удирдагч Япон-Европын Холбооны хооронд аль болох богино хугацаанд чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэрэгтэйг уриалсан байна.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын ашиг шимийг хүртсээр ирсэн Япон улс Германтай хамт энэхүү нээлттэй системийг тэргүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

Тэр бас Европын Холбоо ба Япон улс эдийн засгийн хамтын ажиллагааны тохиролцоонд удахгүй хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Абэгийн үгэнд талархсан Меркель “Япон улс бидэнтэй ижил байр суурьтай байгаа нь маш сайн хэрэг. Герман улс энэхүү үйл явцын гол хөдөлгөгч хүч байхдаа таатай байх болно” гэжээ.

 

Эх сурвалж: Independent