Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд төрийн албаныхны бүсийг ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧАНГАЛНА гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод 8, манай Засгийн газар танхимаараа бүрдээд 7 сар болжээ. Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа" гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай өнөөдөр Төрийн ордонд уулзахдаа онцлов. Энэ нь Засгийн газрын тэргүүн ажлаа авснаасаа хойш өмнөх Засгийн газруудын алдаатай бодлогыг засаж залруулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан гэдгээ товчоор тодорхойлсон үг байсан юм. 

Өнөөдрийн уулзалтаар төрийн албаныханд хэлсэн Ерөнхий сайдын ширүүхэн үгс анхаарал татаж байна. 

2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелээд байгаа ч тэрбээр төрийн албаныхны бүсийг хамгийн түрүүнд чангална гэв. 

Монголын төрийн албаныхан цалин багатай хэрнээ мөнгө ихтэй, улсын мөнгөнд хүнийрхүү ханддаг хэмээн олон нийтэд шүүмжлүүлдэг. Жишээ нь гадаадад томилолтоор явахдаа энгийн ангиллаас 2-6 дахин үнэтэй бизнес ангиллаар зорчиж, улсын мөнгөөр Lexus 570, Land 200 зэрэг тансаг зэрэглэлийн, том оврын машин авч унадаг, улсын үйлдвэрийг алдагдалтай ажиллуулдаг хэрнээ өөрөө хэдэн арван саяар нь цалин авдаг гэх мэт алдаа дутагдлыг тоочоод барахгүй.

Тиймээс Ерөнхий сайд тэдэнд хандаж “Одоо  ачааны хүнд, ачааллын их нь монгол төрийн албат та бүхэн дээр эхэлж буух гэж  байна. Эдийн засгаа сэргээх, эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ. Эх орныхоо төлөө эр зориг гаргах, өргөсөн тангарагтаа үнэнч байж,  ард түмнийхээ өмнөөс тэвчээр заах ээлж монгол төрийн албатууд та бидний өмнө ирж байна” хэмээн хэлэв.

Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой ард иргэдийн бүсийг чангална гэдгээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэвлэлийн хурлаар илэрхийлсэн. Тэгвэл Ерөнхий сайд төрийн албаныхны бүсийг хамгийн түрүүнд чангална гэдгээ энэ үгээрээ баталлаа. Гэвч одоогоор бодитой алхмууд хийгдэж эхлээгүй байгаа юм. Харж л байя.

"ХЭРЭВ ТА МӨНГӨ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТӨРД БИШ, БИЗНЕСТ ЗҮТГЭ"

Мөн мөнгө олъё гэж бодож байгаа хүмүүст төрийн албан зохихгүй гэдгийг Ерөнхий сайд онцолж хэлэв. Энэ тухай “Албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй” гэсэн юм.  

Үүний дараа Ерөнхий сайд Эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэлээн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

Тухайлбал ОУВС-гийн онцгой хөтөлбөрт хамрагдахаа зарласан Засгийн газар ойрын хугацаанд эдийн засгийн огцом өсөлт хангагдахгүй гэдгийг шударгаар хэллээ.

Гэхдээ өндөр өсөлтөд хүрч чадахгүй ч энэ хөтөлбөр Монголын эдийн засагт хэрхэн эерэгээр нөлөөлж болох тухай түүний тайлбар сонирхол татаж байна.

Ж.Эрдэнэбат “Хямрал, өрийн энэ ангалаас бид өөрсдийн чармайлт оролдлогоороо гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй.

Энэ боломж нь юуны түрүүнд ОУВС өөрийнхөө хөтөлбөрөөр Монголд хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнгүүд харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдыг  хуурч авчраад хөөдөг, хөрөнгийг нь улсад хурааж олон улсад найдваргүй түншид тооцогдсон ангиллаас Монгол Улс ОУВС-ийн батлан даалтаар гарах гэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сар, улирал, хагас жилийн дараа ОУВС ээлжит дүгнэлтээ гаргаж, Монгол Улсын засаглал, санхүү, банкны систем хэрхэн сахилгажиж, зөв урагшилж байгааг олон улсад тайлагнана” гэсэн үгнээс ийнхүү дүгнэж болно.

Монгол төрийн хүнд суртал, хариуцлагагүй, үрэлгэн байдал, авлига хээл хахууль дөрвөн жилээр хэмжигдэхгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийн асуудлаар хоёр гэрэл гэгээтэй зүйл ярив. Эхнийх нь “ЭТТ” компани нүүрсний үнээ зах зээлийн нөхцөлтэй уялдуулж 27 ам.доллараас 72.5 ам.доллар хүртэл нэмж чадсан гэдгийг онцоллоо. Тиймээс энэ сардаа багтаан БНХАУ-ын “Чалько” компанид тавьсан өрөө Монголчууд төлж дуусгах нь ээ

Дараагийнх нь эргэн төлөгдөх хугацаа нь болсон 580 сая ам.долларын бондын хөрөнгө оруулагчидтай тохиролцож өөр нөхцөл, өөр хүүтэй бондоор сольсноор эхний төлбөрийн асуудлыг Засгийн газар шийдэж чадсан тухай юм. Дээрх хоёр ажилтай маргах зүйл байхгүй.

Харин дурдахгүй өнгөрч болохгүй нэг ажил бол 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, эхчүүдийн улсад ажилласан жилийг төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жилээр нэмэгдүүлж тооцохоор болсон явдал юм. 

Гэхдээ түүний үгэнд өмнөх дөрвөн жилд хамаг асуудлаа тохсон улс төржсөн өнгө аяс цухалзаж байсныг шүүмжлүүштэй. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн хүндрэл бий болсон ч Монгол төрийн хүнд суртал, хариуцлагагүй, үрэлгэн байдал, авлига хээл хахууль дөрвөн жилээр хэмжигдэхгүй ужгирсан өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Энэ дөрвөн жил Ерөнхий сайдаасаа эхлэн энэ өвчнөө эдгээх алхмуудыг хийнэ гэдэгт найдаж байна.