Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван жилийн өмнө живсэн Севол хөлгийг уснаас гаргах ажиллагаа эхлэх гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бараг гурван жилийн өмнө Өмнөд Солонгосын эргийн ойролцоо живж, далайн ёроолд хэвтэх болсон Севол хөлгийг уснаас гаргах ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ.

2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд живэхдээ Севол хөлөг 476 зорчигчтой байсны ихэнх нь аялалаар явсан дунд сургуулийн сурагчид байв. Тэднээс 172 нь аврагдаж, 9 хүний цогцос олдоогүй байгаа юм.

Үлдсэн 300 гаруй зорчигч амиа алдсан нь батлагджээ.

Одоо 6,825 тонн жинтэй хөлөг усны мандлаас 40 метрийн гүнд хэвтэж байгаа. Өчигдөр буюу Ням гарагт гаргах ажиллагаа эхлэх байсан ч цаг уурын байдлаас болоод хойшлуулжээ. Дараагийн оролдлого дөрөвдүгээр сарын 5-нд болохоор болсон байна. Энэ нь далайн түрлэг багасах цаг үе юм.

Хөлгийг гаргах төлөвлөгөөгөө засгийн газар 2015 онд зарлаж, Хятадын Shanghai Salvage консерциумыг сонгон шалгаруулж, 85 тэрбум воны ($72.5 сая) төслөө эхлүүлжээ.

Тэр цагаас хойш 200 орчим хүнтэй баг хөлгийн ойролцоох хөвүүр дээр тасралтгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн оны зургаадугаар сард гаргах ажил эхэлсэн ч цаг агаарын байдал, техникийн асуудлаас болоод найм, ес, аравдугаар саруудад болж хойшилж байлаа.

Хятадын компани Севолыг гаргахдаа “шатлан өргөх” арга санал болгосон цорын ганц компани аж. Өөрөөр хэлбэл хөлгийг тойруулан багана босгож, үе шаттайгаар өргөх юм байна. Харин бусад компаниуд дэгээгээр татаж гаргах аргыг голдуу санал болгожээ.

Хөлгийг өргөж гаргасны дараа чиргүүл онгоцонд байрлуулж, 87 км зайтай Мокпо боомтод хүргэх юм. Ажил саадгүй явбал 10-15 хоногийн дотор бүх ажиллагаа дуусах гэнэ.

Энэ завсраа шумбагчид далайн ёроолоос сураггүй байгаа есөн хүний цогцсыг эрэн хайх ба ар гэрийнхэнд нь жижиг гэлтгүй олсон зүйлээ хүлээлгэж өгөх юм байна.

 

Эх сурвалж: Korea Herald