Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт ес дэх удаагаа болно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр Монгол улсын геологи, хайгуулын салбарын чуулга уулзалт болох талаар мэдээлэл хийлээ.

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо хамтран 2017 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулах юм байна.

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Очирбат “Энэ жилийн чуулга уулзалтын цар хүрээ өргөжиж байгаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа, Элчин сайд, Консулын газрууд, орон нутгийн удирдлага, аймгийн засаг дарга, байгаль орчны улсын байцаагч мэргэжилтнүүд ирж оролцох юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх, ялангуяа геологи уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулахаар ажиллаж байна. 

Хөтөлбөрийн хувьд хөрөнгө оруулалтын орчны талаар болоод хууль эрхзүй, төрийн бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр тусгасан байгаа.Чуулга уулзалтын үндсэн хуралдаан, хэлэлцүүлгүүд 23, 24-ны өдрүүдэд болж, 25, 26-ны өдрүүдэд сургалт аялалууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн.

Онцолж хэлэхэд гадаад дотоодын төлөөлөгчид энэхүү хуралд ирж оролцохоос гадна чуулга уулзалтын санал дүгнэлтийг үндэслэж зөвлөмж гаргаж, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, цаашлаад хууль эрхзүйн шийдвэрт тусгахаар ажиллаж байна” хэмээн тайлбарлалаа.

"2017 оноос эхлэн Улаанбаатар хотын геоэкологийн судалгаанууд хийгдэнэ"

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Болд 2016 онд улсын төсвийн хөрөнгөөр 9.3 тэрбум орчим төгрөгөөр геологийн судалгааны ажил хийгдсэн. Ер нь улсын төсвөөс хийж буй геологийн судалгааны ажил сэдэвчилсэн болон чиглэсэн хоёр чиглэлээр хийгддэг.

Сэдэвчилсэн судалгаанд сансрын зургийн тайлал, газрын ховор элементийн судалгаа зэрэг явагддаг. 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын геоэкологийн судалгаанууд хийгдэнэ. Агаарын бохирдлын асуудлыг шийдэх тал дээр ажиллана.

 
Гэрэл зургийг mpa.mn
Бид Засгийн газраар “Алт-II” хөтөлбөрийг батлуулсан. Энэ удаагийн чуулганаар энэ талаар түлхүү яригдана. Ялангуяа Монголбанк, Сангийн яам, БОАЖЯ зэрэг нь нэгдсэн маягаар уулзалт зохион байгуулна.

Энэ хөтөлбөрийн гол зорилгын хүрээнд алт олборлолтыг дэмжих, алтны байж болох зарим талбайнуудын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр талбай ялгаж, сонгон шалгаруулалтын ажлыг зарлах ажлууд хийгдэх юм.

Ер нь 2020 он гэхэд Засгийн газраас 25 тонн-д хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Энэ нь жилд дунджаар 2.2 орчим тонн-оор нэмэгдэж явна гэсэн ерөнхий чиглэлтэй байна” гэлээ.

Чуулга уулзалтын хүрээнд “Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд", “Нүүрсний давхаргын метан хий”, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр сургалт явагдах аж.

Хаалтын өдөр “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, гавьяат багш Д.Чулуун удирдан явуулах бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх юм байна.