Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

$200-ын үнэтэй дроныг $3 саяын пуужингаар устгаж байгаагаа хүлээн зөвшөөрчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын армийн Сургалт, Номлолын нэгтгэлийн командлагч, генерал Дэвид Перкинс Алабамагийн Хантсвиллд болсон хурал дээр АНУ-ын холбоотнууд өртөг өндөртэй дайн хийж байгаа тухай нэгэн баримт дэлгэжээ.

Түүний мэдээлснээр Сири, Ирак дахь террорист байгууллагууд сүүлийн үед энгийн дрон буюу алсаас удирдлагатай нисдэг төхөөрөмж ашиглан довтолгоо хийдэг болсон байна. Харин үүнийг нь эсэргүүцэх зэвсэг байхгүйн улмаас холбоотнууд өндөр өртөгтэй Патриот пуужин ашиглан дайсны дронуудыг унагаж байгаа гэжээ.

Террористууд amazon.com-оос $200-аар худалдаж авсан дроноо ашиглан довтолгоо явуулахад АНУ-ын холбоотнууд $2.5-$3.4 саяын өртөгтэй Патриот пуужингаар харваж унагахаас өөр аргагүй байгаа гэнэ. Эдийн засгийн хувьд энэ харьцаа нь хэтэрхий алдагдалтай байгааг Перкинс хэлжээ. Хамгийн энгийнээр бодоход л дайснууд нь нөгөө талынхаа Патриот пуужинг харвуулж дуусгахын тулд олон тооны хямд дрон нисгээд байх боломжтой болж байна.

АНУ-д үйлдвэрлэсэн Патриот агаарын довтолгооноос хамгаалах системийг одоогоор Израйль, Саудын Араб, Кувэйт, Өмнөд Солонгос, АНЭУ зэрэг орнууд ашигладаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд дронтой халдлага нэмэгдсэн ба Исламын улс бүлэглэл гэхэд дрон ашиглан гар бөмбөг хаях, тагнуул хийх, амиа хорлогчийн халдлагыг хянах зэрэг аргыг Мосулын тулаанд хэрэглэж байгаа аж. Үүнээс гадна дроноор авсан халдлагын бичлэгийг суртал нэвтрүүлэгтээ ашиглах нь нэмэгдсэн байна.

Тиймээс АНУ-ын агаарын хүчний командлал саяхан дронуудыг буудаж унагах зориулалттай, хямд өртөгтэй зэвсэг зохион бүтээх тушаал өгсөн гэнэ. Одоо ашиглаж байгаа Патриот пуужингийн радарын систем нь дрон мэтийн бага оврын байг олж, цохилт өгөхдөө нарийвчлал муутай байгааг мэргэжилтнүүд шүүмжилсэн байна.

Энэ баримт технологийн хөгжил дайн хийх зардлыг ч бууруулж эхэлснийг харуулжээ.

 

Эх сурвалж: Business Insider