Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантөмөр: Авлигын стандартыг нэвтрүүлсэн анхных нь манай улс

Зууны мэдээ
2017 оны 3 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөртэй ярилцлаа.

-Салбарын удирдах ажилтнууд өнгөрсөн өдрүүдэд зөвлөлдлөө. Үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Жил бүр болдог Стандартчилал хэмжил зүйн газрын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн өнгөрсөн өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Үндсэндээ зөвлөгөөний гол зорилт нь өнгөрсөн оны гол ажлын тайлан хийсэн ололт амжилтаа цэгцлээд дараа оныхоо зорилго, зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх арга замыг гаргахад оршдог. Энэ жилийнх хэд хэдэн онцлогтой. Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөрөө баталж төрийн захиргааны байгууллагууд чиглэл чиглэлээрээ хэрэгжүүлэх арга замуудаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төрийн дөрвөн жилийн ажлын цикль ирж байгаа учраас өмнөх жилүүдийнхээс илүү анхаарлын төвд байлаа.

Манай байгууллагын хувьд өнгөрсөн он нэлээд ачаалалтай байсан. “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах жил” гэсэн уриаг Засгийн газар дэвшүүлж, бид зорилго, зорилтоо чиглүүлж хэрэглэгчээ дээдлэх, хүнд суртлыг багасгах, авлигыг тэвчих чиглэлд менежментийн гол ажлаа хийж, анхаарлаа чиглүүллээ. Төрийн байгууллагын үндсэн ажил хэрэглэгчийг дээдлэх. Энэ чиглэлээр менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, үнэлүүлэх юм.

Манай байгууллага төрийн байгууллагуудаас анх удаа Олон улсын стандарт ISO 9001-ийг нэвтрүүлсэн. Өнгөрсөн онд Францын байгууллагаар үнэлгээгээ баталгаажууллаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагууд дотор олон улсын стандартын менежмент хэр хэрэгжиж байна гэдгээр дүнгээ баталгаажуулсан юм. Энэ бол чамлахааргүй ажил. Бид Олон улсын том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарсан.

Европын холбооноос Монгол Улсын стандартын тогтол-цоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээн дэх томоохон ажил бол хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм. Энэ дагуу одоо мөрдөгдөж буй Стандартчилал хэмжлийн нэгдмэл байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төслийг УИХ-д өргөн барьсан. Ерөнхийдөө эдийн засаг, бүтээмж зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хамгийн чухал асуудал бол стандарт бүтээгдэхүүний чанар юм. Иймээс аливаа орны экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд үндэсний чанарын хөтөлбөртэй, бодлоготой байх ёстой юм байна. Ингэж байж хөгжиж, дэвшдэг тогтолцоотой.

-Стандартчиллын хувьд бодлого ямар төвшинд байна. Тухайлбал, олон улсын нэр хүнд, нэвтрүүлсэн ажил юу вэ?

-“Монгол Улсын үндэсний чанарын хөтөлбөр” боловсруулж Засгийн газраар батлуулсан. 2016-2020 он хүртэл хэрэгжинэ. Хөтөлбөрт чанарын дэд бүтэц гэдэг асуудлыг анх удаа томьёолж оруулсан. Хүмүүс гайхаад байдаг. Чанарын дэд бүтэц гэж юу байдаг юм, дэд бүтэц гэж эрчим хүч, зам харгуйг ярьдаг биз дээ гээд төөрөлддөг. Чанарыг бүрдүүлэхэд юу хэрэгтэй юм бэ, чанартай зүйл хийхэд юу хэрэгтэй вэ гэдгийг тойрч ярьдаг.

Нэгдүгээрт, чанартай юм хийхийн тулд стандарт сайн байх ёстой. Өндөр стандарттай байж чанарыг хамгаалдаг, чанарын төлөө бүх ажлуудыг зохицуулдаг. Хоёрдугаарт, хэмжил зүйгээр чанарыг үнэлж болохгүй. Лаборатори, хэмжүүр хэмжих хэрэгсэл нэлээд нарийн төвшинд гарч байж чанарыг үнэлдэг юм байна. Гуравдугаарт, хамгийн чухал ажил бол лаборатори. Стандарт байгаад хүнийхээ боловсон хүчний чадавхыг дээшлүүлдэг. Өөрөөр хэлбэл лабораторид ажиллаж буй боловсон хүчин маш өндөр мэдлэгтэй нарийн мэдрэмжтэй байх ёстой.

Мөн чанарыг бүх шатанд сурталчлах гээд бүгдийг хамруулсан хөтөлбөр гарсан. Үндсэндээ Монгол Улсын стандартын салбарт эмх цэгцтэй бодлого бий боллоо. Дараагийн нэг чиглэлийн асуудал бол чанарын дэд бүтэцтэй холбон тайлбарлахад найдвартай лаборатори, хэмжил зүйн лабораторийг баталгаажуулж чадаж байна уу гэдэг итгэл олох үйл ажиллагаа үнэлгээний асуудлыг итгэмжлэл гэж ярьдаг. Улс орон бүр өөр өөрийн чиглэлээр итгэмжлэлийн байгууллагатай. Энэ итгэмжлэгдэж байгаа чадавх нь хэр сайн байна вэ гэдгийг олон улсын төвшинд үнэлгээ хийдэг юм байна.

Чадавх сайн байж тэр байгууллагын хүлээн зөвшөөрсөн аливаа бараа бүтээгдэхүүнийг нөгөө байгууллага дахин шалгалт сорилт шинжилгээнд оруулахгүйгээр шууд хүлээн зөвшөөрөх давуу талтай. Энэ чиглэлд маш их анхаарал хандууллаа. Тухайлбал, Номхон далайн хамтын ажиллагаа гэж Азийн 26 орон орсон энэ байгууллагын ижил төвшний үнэлгээнд бид анх удаагаа орсон. Энэ 26 байгууллага бие биенийгээ үнэлдэг. Энэхүү 26 байгууллагын төлөөлөл Монголын байгууллага итгэмжлэл болон бусад зүйлийнхээ үнэлгээг яг олон улсын стандартаар хангаж ажиллаж байна уу гэдгийг шалгаж харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт Монгол Улсыг нэгдүүлье гэж зөвшөөрөл өгдөг.

Зөвшөөрөл авчих юм бол Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд их хэрэгтэй. Ингээд манай байгууллага үнэлгээнд орж Монголын итгэмжлэлийн байгууллагыг хэлэлцээрт оруулахад татгалзах зүйлгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол бидний хувьд маш том ажил. Лабораторийн итгэмжлэл гэж тусдаа бий. Бид тэр үнэлгээнд 2012 ондорсон. Тэнд тэнцчихвэл дөрвөн жилийн хугацаа сунгаад дахиж үнэлүүлдэг. Тэр үнэлгээндээ давхар ороод тэнцээд сунгуулсан. Тэгээд хяналтын байгууллагаар үнэлж чадаж байна гэсэн эрхийг авсан.

-Хэмжил зүйн багаж төхөөрөмжүүд чухал байх. Нөөц боломж нь хангалтгай байдаг уу?

-Хэмжил зүйн асуудлаар томоохон ажил хийлээ. Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Германы хэмжил зүйн байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ төсөл гурван жил хэрэгжих юм. Эрчим хүч маш чухал болоод байна. Ялангуяа эрчим хүчний хэмнэлт гаргах. Тиймээс энэ чиглэлийн стандартуудыг, лабораторийн боловсон хүчин, зарим нэгэн лабораторийн төвшинг дээшлүүлэх иж бүрэн ажил хийх юм.

Сорьцын хяналтын байгууллага түрээсийн байртай байсныг Засгийн газрын шийдвэр гаргуулж өөрийн гэсэн байртай болголоо, Европын Холбооны стандартчиллын байгууллагад түншлэгч гишүүн, хамтран түншлэгч гэдэг статусаа шинээр авсан. Европ 23 оронтой. Энд монголчууд анх удаа энэ статусыг авч байгаа. Ач холбогдлын хувьд Европын холбооноос стандартыг нь авахад маш хүнд байсан. Нэг стандартыг нь хэрэгжүүлэхэд яам тамгын газраас зөвшөөрөл авна гээд их олон шат дамжлага, хяналт тавьдаг байсан бол одоо нээлттэй болсон нь хэрэгтэй ажил боллоо гэж харж байгаа.

Хэмжил зүйн багажуудыг олон улсын стандартад нийцэж байна уу гэдгийг гадныханд үзүүлдэг. Бид Хятадын хэмжил зүйн хүрээлэнд очиж хөнгөлөлттэй үнээр гол нэр төрлийнхөө багажуудыг баталгаажуулсан. Мөн орон нутгийн байгууллагуудын байр, тоног төхөөрөмж, унааг нэмэгдүүлэх гээд олон ажил амжууллаа.

-Авлигын стандарт гэж шинэ зүйлийг ярьж эхэллээ. Хэзээнээс хэрэгжих бол. Ач холбогдлыг нь тодорхойлооч?

- Олон улсын жишиг, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан “ISO 37001 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо-Шаардлага” стандартыг үндэсний стандарт болгон хоёрдугаар сард батлан гаргалаа. Одоо авлигын асуудал маш хүнд байгаа. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд авлигын эсрэг яаж ажиллах вэ гэдэг шаардлагыг нь тогтоосон. Авлигыг авдаг нь төрийн байгууллага, өгдөг нь бизнес гэж яриад байгаа болохоос авлигагүй болохын тулд өгдөг байгууллагууд нь юунд анхаарах юм, авдаг байгууллагууд нь юуг хаах юм гэсэн нарийн юмнуудыг олон улсын хэмжээнд шаардлагуудыг нь тогтоосон байна. Энэ стандартыг баталгаажуулсан.

Аудитын шалгалт ирэхэд 37001-ийнхээ шаардлагуудыг тусгаад олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ гэж байгаа. Авлигатай тэмцэх газрынхан манай дээр ирээд шалгалт хийж байгаа. Стандарт нэвтрүүлж, үр дүн гаргана гэдэг олон улсын жишгээр 18 cap буюу жил зургаан cap болно. Сургана, соён гэгээрүүлнэ. Тэгж байж бичиг баримтыг нь боловсруулна. Дараа нь нэвтрүүлнэ гээд ажил их.

Зүгээр нэг цаас бариад нэвтрүүлчихгүй, дүрэм журмыг нь гаргана. Авлигын стандарт бол олон улсад байгаагүй шинэ зүйл. Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-aac 2016 оны аравдугаар сард батлан гаргасан бөгөөд Монгол Улс өөрийн орондоо үндэсний болгож байгаа нь анхных нь болоод байгаа. Шадар сайд “Монгол Улс анхных нь байх шүү. Түргэн шуурхай ажиллаж байна” гэж хэлсэн. Англи хэлтэй орнууд орчуулна. Монгол Улс стандартаар тэргүүллээ гэхэд ерөөсөө алзахгүй.

-Энэ онд тавьсан хамгийн ойрын зорилт, стандартын салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Энэ оны зорилт тодорхой. Салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах нь олон улсын төвшинд хүргэх стандарт хэмжил зүйн хамт олны чадавхыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой. Олон улсын итгэмжлэлийн форумаас Ази Номхон далайн хүрээнд үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх гэрээнд орчихсон бол олон улсын форумд гишүүнээр элсүүлдэг. Бид Ази номхон далайд хүлээн зөвшөөрөгдчихлөө. 26 орны хэмжээнд үнэлгээнийхээ дүнг зөвшөөрүүлсэн бол 100 гаруй орны хэмжээнд хүрээгээ тэлнэ гэсэн үг юм.

Хамгийн гол нь судалгааг хөгжүүлснээр бизнесийг өргөжүүлэх экспортын бүтээгдэхүүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ач холбогдолтой. Орон нутгийн байгууллагуудын техник тоног төхөөрөмж ажилчдын чадавхыг дээшлүүлэх шаардлагатай. Эдийн засаг хүнд байгаа учраас гадаадын зээл тусламж руу илүү анхаарал хандуулж байгаа. Энэ чиглэлээр БНХАУ-ын Стандартчилал хэмжил зүйн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэхээр урьдчилж тохироод байна. Стандартчиллын төв, орон нутгийн байгууллагын чадавхыг дээшлүүлнэ.

Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт хөрш орнуудтайгаа бараа нэвтрүүлэхэд, худалдаанд саад тотгорыг анхаарах арга хэмжээ ав гэсэн. Энэ чиглэлээр Гадаад харилцааны яам, Шадар сайдын алба манай байгууллагууд анхаарч байна. Беларусь, Казахстан, Армен, Киргизтэй хамтран ажиллахаар тохироод байна. Манай улс экспортоор мах гаргах гэхээр янз бүрийн шаардлага тавьдаг. Иймээс стандартыг нэг болгоё. ОХУ-ын мах авч байгаа стандартыг хүлээн зөвшөөрөөд баталгааг хөндлөнгийн байгууллагаар саадгүй гаргахаар ярьж байна. Стандартын талаарх ойлголтыг хүмүүс ерөнхийд нь мэддэг болж. Ач холбогдлыг нь ойлгодог болж. Энийг чөлөөтэй болгох талаар ажиллаж байна. Монгол Улсын 6,000 стандартыг хаанаас ч үзчихэж болно.

2017 оны уриа бол “Чанар өндөр бүтээмж тогтвортой хөгжлийн төлөө” юм. Олон улсын жишгээр тогтвортой хөгжил байх ёстой. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хүч хатуулгийн лаборатори нээсэн. Манайх барилга, зам, уул уурхай, гүүрт ашиглагддаг хүнд металл эдлэлийн хүч хатуулгийг дүйцүүлэн хийж чаддаггүй байлаа. Энэхүү лабораторитой болсноороо барилга, авто замын чанар сайжрах ач холбогдолтой.

Зураг