Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д харласан Монгол иргэдийн тоо 2015 оноос ОГЦОМ өсчээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- БНСУ-д харлах иргэд нэмэгдсэн учраас виз олгох журмыг чангатгажээ -

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээлэл хийж, хууль бус оршин суугчдын тоог багасгах арга замын талаар тайлбар хийсэн юм.

2015 онд визний нөхцөлийг хөнгөвчилж, дансанд байршуулах мөнгөний хэмжээ 14 сая байсныг 8 сая болгож, цаашлаад 5 сая болгосон. Монгол иргэд БНСУ-д харлах тохиолдол улам ихэссэнийг энэхүү визний нөхцөлийг хөнгөвчилсөнтэй холбон тайлбарласан юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх И Жэ Юү “Харлаж байгаа Монгол иргэдийн тоо байнгын өсөх үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2014 онд 130 орчим иргэн харлаж, 2015 онд энэ тоо огцом өсч 1,500 орчим болсон бол 2016 онд 2,000 орчим хүн харласан байна.

Он оны харласан иргэдийн тоог харвал 10 дахин өсчээ. Бусад оронд суугаа БНСУ-ын Элчин Сайдын Яамдтай харьцуулан үзвэл Монгол Улс хүн ам цөөн боловч харлаж байгаа иргэдийн тоо их байдаг.

Өдөрт орж ирж байгаа виз мэдүүлэлтийн тоо нэмэгдэж байгаагийн хэрээр харлаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас БНСУ-аас виз олгох журмаа чангатгасан.

Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг багасгах тал дээр бид ажиллаж байна. Тухайлбал, хугацаандаа эргэн ирж байгаа иргэдэд тухай тухайд нь визийг чөлөөтэй олгож ажиллана.

Мөн виз мэдүүлэгчдийн тоог багасгахын тулд олон удаагийн визийг аль болох олгохыг хичээж байна. Энэ тал дээр БНСУ-ын Засгийн газарт санал хүргүүлсэн.

"Хууль бусаар оршин суугчдийг өөрсдийнх нь хүсэлтээр гаргах түргэтгэсэн арга хэмжээ авна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Үүнээс гадна, 2017 оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл гурван сарын хугацаатай хууль бусаар оршин суугаа иргэдийг өөрсдийнх нь хүсэлтээр гаргах түргэтгэсэн арга хэмжээ авахаар болсон. 

Энэ нь зөвхөн Жэжүгийн нисэх онгоцны буудлаар өөрийн хүсэлтээр гарах хууль бус оршин суугч гадаад иргэдэд хамаатай.

Ингэхдээ хууль бусаар оршин суусан хугацаа нь гурван жилээс бага бол тухайн иргэний БНСУ-ын хилээр нэвтрэх эрхийг хаахгүй, гурван жилээс дээш хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх эрхийг нь зөвхөн нэг жилээр хаах юм. 

Үүнд мөн нууцаар хил нэвтэрсэн, бусдын паспортыг ашиглан хилээр нэвтэрсэн иргэд орж байгаа, харин эрүүгийн хэрэгтэй бол үүнд хамаарахгүй.

Өмнөх жилүүдтэй харьцуулбал Жэжүд хууль бусаар оршин суух иргэдийн тоо эрс өссөн бөгөөд одоогоор 7,000 гаруй иргэн байна” гэлээ. 

Харласан иргэдийн талаарх сүүлийн үеийн тоон үзүүлэлтээс дурдвал 2016 оны арваннэгдүгээр сард 211 хүн, арванхоёрдугаар сард 213 хүн, 2017 оны нэгдүгээр сард 221 хүн харласан гэсэн тоон мэдээ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд ирсэн байна.