Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэвдэж яваа иргэдээ дэмнээд оршин суух аюулгүй байршил заан өгч, нүд хальтрам байдлаас салах хэрэгтэй"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Усанд автсан айлууд болон шар усны үер бууж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцав.

Шадар сайдаар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүдийн нөхцөл байдлын талаар иргэдтэй уулзсанаар ажлаа эхэлсэн юм. Тус хэсгийн айлуудын дороос булгийн ус оргилж гарсны улмаас идэр есийн хүйтнээр усанд автаж, хөлдөн, нөхцөл байдал тун хүнд болоод байгааг онцгой байдлын албаныхан дуулгалаа.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлснээр энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийнхүү өвлийн хүйтэнд  усанд автжээ.

Нийслэлийн захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 албан хаагч 2016 оны 12 дугаар сарын 25-наас 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл ажиллаж, нөхцөл байдлыг харьцангуй сайжруулан дүүрэгт  нь хүлээлгэн өгсөн байна. Ажиллах хугацаандаа 2 метр өндөртэй, 830 метр урт шороон далан босгож, усыг соруулжээ.  Өвлийг арайхийн давж чадсан өрх айлууд хаврын улиралд  мөс  хайлж, шар усны үерт өртөх магадлал маш өндөр байгаа гэдгийг иргэд, онцгой байдлын албаныхан  Шадар сайдад дуулгалаа.

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх  хэлэхдээ ” Баянзүрх дүүргийн  10 хорооны өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа нь  ойлгомжтой. Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Тиймээс холбогдох байгууллагынхан хурдтай ажиллаж, шар усны үерээс хамгаалах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ  шаардлага гарвал  нүүлгэн шилжүүлэлтийг хийх ёстой.  Очих газаргүй, хандах хүнгүй тэвдэж яваа иргэдээ дэмнээд оршин суух аюулгүй байршил заан өгч, нүд хальтрам дүр зураг бүхий  нөхцөл байдлаас салах  хэрэгтэй“ гэж холбогдох албаныханд  үүрэгдлээ.

Үүний дараа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны  шар  усны гэлтгүй  зуны улиралд  ч их  усанд автдаг  газрын  нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд 140 км үерийн хамгаалалтын далан суваг байдаг байна. Энэхүү хамгаалалтын бүс дотор 1,279 айл өрх, 279 аж ахуйн нэгж байгаа мэдээллийг өглөө.  Нийслэлийн иргэдийн нэрлэдгээр “Ганцын ам” гэж хэлж заншсан  энэ газар гурван уулын амны  зэрэг шахуу ус буудаг. Гэтэл ус буудаг жалганд нь айлууд бууснаас шар усны үерт автах эрсдэл үүсээд байгааг 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Наранцэцэг танилцуулав.

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт үүссэн эдгээр нөхцөл байдалд бид онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай. 21 дүгээр хорооны хувьд ус буух хэсэгт айлууд буучихсан, суваг шуудуунууд нь хаагдчихсан, инженерийн тоног төхөөрөмж хийгдэж чадаагүй учраас шар усны үерт айлууд автах эрсдэл бий болсон байна.

Нэгдүгээрт, ард иргэд маань гамшиг осолд өртөж болзошгүй газар зөвшөөрөлгүйгээр бууж байна. Гамшиг осол тохиолдохоос нааш шаардлага биелүүлж нүүдэггүй дутагдал бий. Мөн далан суваг хийх хөрөнгө мөнгөний хүндрэл ч байна. Нөхцөл байдал ийм байгаа ч бид ард иргэдийн өмч хөрөнгийг хохироож болохгүй учраас иргэддээ ойлгуулж, арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Зөвшөөрөлтэй ч зөвшөөрөлгүй ч айл өрхүүд тухайн газар амьдрах боломжгүй бол өмч хөрөнгө, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд нүүлгэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.ГантөмөрБаянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд шар усны үер бууж болзошгүй эрсдэлтэй 13 байршил бий. Үүний 3-4 байршилд Шадар сайд ажиллаж, танилцаж байна. Үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан иргэд Гамшгаас хамгаалах тухай хууль болон Газрын тухай хуулийн дагуу нэн даруй чөлөөлөх шаардлагатай. Үүнээс гадна иргэд үерийн хамгаалалтын нэвтрэх чадварыг сайжруулахын тулд далан сувгийг ахуйн болон барилгын хогоор дүүргэсэн байдаг. Үүнийг яаралтай цэвэрлэх ажлыг хийж байна. Монгол Улсын төсөвт нэн яаралтай инженерийн барилга байгууламжуудыг шинээр барих, сэргээн засварлах ажил хэрэгтэй байгаа” хэмээн ярилаа. Мөн оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад ирэгдийн өөрсдийнх нь ухамсар маш чухал болохыг  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.