Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д байнгын визгүй зорчдог журмыг ЦУЦАЛЖ, олон удаагийн виз олгохоор боллоо"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс өнөөдөр 2017 оны визний журмын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгууллаа.

БНСУ-д байнгын визгүй зорчдог байсан иргэдийн журамд өөрчлөлт орж, олон удаагийн виз олгох болсон байна. Энэ журам нь 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх И Жэ ЮүНэгдүгээрт, БНСУ-д байнгын визгүй зорчих иргэдийн журамд өөрчлөлт оруулж, олон удаагийн визтэй боллоо.

Энэ нь таван жилийн хугацаат виз бөгөөд нэг очихдоо БНСУ-д байх хугацаа нь 30 хоногийн хугацаатай юм. Таван жилийн хугацаат визийг энгийн визийг бодвол харьцангуй богино хугацаанд Элчин Сайдын Яамнаас шийдвэрлэж өгч байгаа.

Таван жилийн хугацаат визийг авах иргэд хоёр жилийн дотор дөрвөөс дээш зорчсон байх эсвэл нийт 10-аас дээш удаа зорчсон бөгөөд сүүлийн хоёр жилийн дотор заавал нэг удаа БНСУ-ын хилээр орж гарсан байх шаардлагатай юм.

Мөн сүүлийн гурван жилийн туршид БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын дотоод хууль журмыг чандлан сахисан байх ёстой бөгөөд 500,000 вонын торгууль хүлээсэн эсвэл БНСУ-аас албадлагаар гарч байсан иргэд үүнд хамаарагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Тэгэхээр БНСУ-д гадаадын иргэн орж гарсан бүртгэлийг хийхээс гадна, Жэжү арлаар визгүй зорчсон болон БНСУ-ын хилээр дамжин өнгөрсөн иргэдийн тоог гаргаж, үүнд оруулж байна.

Нэмж хэлэхэд энэ нь зөвхөн Монгол болон БНСУ-ын хоорондын гэрээ хэлэлцээрийн дүнд гарсан шийдвэр бус бусад бүх орнуудад хамаарах журам юм.

Ингэж өөрчлөх болсон шалтгаан нь 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн зорчигч онгоцонд суухаас өмнө гадаад иргэдийн мэдээллийг урьдчилан авсан байх шаардлагатай гэсэн журам хэрэгжиж эхлэх юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Иймээс иргэдийг визгүй оруулахад чирэгдэлтэй байсан учир визтэй байх журмыг Хууль Зүйн Яамнаас гаргасан. Энэ нь террорист халдлагаас хамгаалах, тухайн иргэний паспорт хүчингүй болсныг хил дээр очоод мэдэх зэрэг эрсдлээс сэргийлнэ.

Мөн визгүй зорчих иргэдийг хилээр оруулахад визтэй зорчигчдыг бодвол удаан хугацаанд чанга шалгадаг учраас шалгах хэсэгт чирэгдэл болох тохиолдлууд байсан. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан олон удаагийн визээр өөрчлөх шийдвэр гарсан байгаа.

Зорчигч онгоцонд суухаас өмнө тухайн зорчигчийн мэдээллийг системээр дамжуулан авах боломжтой болж байгаа учраас иргэдэд ач холбогдол бүхий зөв журам гэж үзэж байгаа юм.

Монголын албаны паспорттой болон дипломат паспорттой иргэн БНСУ-д визгүйгээр 90 хоногийн дотор зорчих нөхцөл хангагдсан харин энгийн паспорттой иргэдэд хамаарахгүй.

Хоёрдугаарт, гуравдагч орноор дамжин өнгөрч буй Монгол иргэдийг БНСУ-ын хилээр визгүй нэвтрүүлэхийг харьцангүй нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Өмнө нь Европын найман орноор дамжин ирж байгаа иргэдийг визгүйгээр 30 хоногийн турш зорчуулдаг байсан бол одоо 30 орон болгож, нэмэгдүүлсэн байгаа. 

Өөрөөр хэлбэл, эдгээр 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах гэж байгаа тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулна гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.

БНСУ 1999 оноос эхлэн энгийн визээр олон удаа зорчсон игэдийг визгүй зорчуулах журмыг гарган хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргаснаар 2004 оноос БНСУ-ын иргэд визгүй зорчих эрхтэй болж байсан юм. 

Дараах 30 орны аль нэг улсын визтэй Монгол иргэн БНСУ-аар дамжин явах гэж байгаа тохиолдолд тухайн иргэнийг 30 хоногийн турш визгүй зорчуулна

  1. Грек
  2. Нидерланд
  3. Норвеги
  4. Дани
  5. Герман
  6. Литва
  7. Румын
  8. Люксембург
  9. Литвани
  10. Лихтенштейн
  11. Мальт
  12. Бельги
  13. Швед
  14. Швейцарь
  15. Испани
  16. Словак
  17. Словени
  18. Исланд
  19. Ирланд
  20. Эстони
  21. Англи
  22. Австри
  23. Итали
  24. Чех
  25. Кипр
  26. Португал
  27. Польш
  28. Франц
  29. Финлянд
  30. Унгар