Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мүүнийг Харвард урилаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаад байгаа. Тэгвэл түүнийг АНУ-ын Харвардын Их сургууль урьжээ.

Гуравдугаар сарын 24-нд АНУ-ыг зорих 72 настай, ноён Бан зочин профессорын хувиар хэд хэдэн цуврал лекц уншихаар болсон гэнэ.

Харвардын Их сургууль улс орнуудын экс ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг урьж оюутнууддаа хичээл заалгадаг. Тухайлбал Мексикийн ерөнхийлөгч асан Фелип Калдерон, Финландын ерөнхийлөгч асан Таря Халонен нар өмнө нь ийм журмаар Харвардад уригдаж байжээ.

Харвардаас Бан Ги Мүүн болон түүний эхнэр Юү Сүн Тэк нарт амьдрах сууц, нарийн бичиг гаргаж өгөхөөр болсон байна.

Ирэх долдугаар сард тэр Харвард дахь ажлаа дуусгаад Өмнөд Солонгост буцаж ирэхээр болсон тухай туслах нь мэдээлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд тэр ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж байгаагаа зарласан юм. Түүнийг дэмжигчид шийдвэрээ эргэж харахыг ятгасан ч Бан Ги Мүүн эрс татгалзаж байв. НҮБ-ын экс ерөнхий нарийн бичгийн дарга улс төрд эргэн орох ямар ч шинж үзүүлэхгүй байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль тавдугаар сарын 9-ний өдөр болохоор зарлагдаад байна.

 

Эх сурвалж: Korea Times