Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн дунд жолооны эрхээ хасуулсан бүх жолооч “ялтан” гэх ташаа ойлголт байна"

Б.Цэрэнлхам, Өглөөний сонин
2017 оны 3 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын цагдаагийн ерөнхий газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газартай хамтран “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт" аяныг энэ сарын 15-наас орон даяар өрнүүлж эхэлсэн. Бүтэн хоёр cap үргэлжлэх энэхүү аян нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар шийтгэгдсэн этгээдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор үүрэг бүхий төрийн байгууллагуудын хяналт, тэдгээрийн уялдаа холбоог нэмэх, жолоочийн бүртгэлийн санд эрх нь хасагдсан иргэдийн бүртгэл цаг тухайд нь орж буй эсэх зэргийг хянах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

Гэтэл дээрх аяныг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бүх иргэд "ялтан" гэх нэр зүүх нь" хэмээн бухимдлаа илэрхийлж байна. Тэгвэл уншигчдадаа тодорхой мэдээлэл хүргэх үүднээс холбогдох албаныхантай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх олон нийтийн харилцах хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Эрхээ хасуулсан жолоочид тавих хяналтын аяныг эхлүүлсэнтэй холбогдуулан эрхээ хасуулсан бүх иргэд “ялтан” гэх хаягтай боллоо гэсэн дургүйцэл иргэдийн дунд байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Захиргааны зөрчил гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоосон хэм хэмжээг санаатай болон санамсаргүйгээр зөрчсөн үйлдлийг хэлдэг. Харин энэхүү зөрчил нь дотроо олон хэсэгтэй. Тухайлбал, торгох болон тусгайлан олгосон эрх хасах, эсвэл баривчлах, албадан эмчилгээнд хамруулах гэсэн захиргааны шийтгэл байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгож, эрхийг нь хасах" зэрэг арга хэмжээ авдаг.

-Тэгвэл яагаад эрхээ хасуулсан хүн бүрийг ял шийтгэлтэй гэж үзээд байгаа юм бэ?

-Ял, шийтгэл гэдэг нь тусдаа ойлголт юм. Шийтгэл гэдэг нь түрүүчийн ярьсан зүйл багтана. Харин Эрүүгийн тухай хуулийн 215, 216 дугаар зүйлд зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн" тохиолдолд ял болох юм. Тухайлбал, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон эсвэл хүнд гэмтсэн зэрэг нь эрүүгийн хэрэг болдог. Энэхүү эрүүгийн хэрэгт хүлээлгэх хариуцлага нь ял гэж ойлгож болно. Энэ нь захиргааны зөрчлөөс өөр.

Түүнчлэн тусгайлан олгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг. Үүнийг үндсэн болон нэмэгдэл ялаар оногдуулдаг хуультай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тухай хуулийн 215, 216 дугаар зүйл ангиар шийтгэгдсэн иргэд нэмэгдэл ялаар шийтгэгддэг.

-Хэрвээ зөрчлийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ түр хугацаанд хасуулсан иргэд замын хөдөлгөөнд оролцож байгаад баригдсан тохиолдолд ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?

-Эрхээ хасуулсан байх үедээ энэ шийтгэлийг биелүүлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаа тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дагуу 30 хүртэлх хоногийн баривчлах шийтгэл оногдуулдаг. Гэтэл иргэдийн дунд жолооны эрхээ хасуулсан бүх жолооч "ялтан" гэх ташаа ойлголт байна.

Харин бид нэмэлт мэдээлэл авах үүднээс ШШГЕГ-ын Хорихоос өөр ял оногдуулах газрын дарга Х.Ариунболдтой уулзсан. Тэрбээр "Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол нэмэгдэл ялын хугацааг үндсэн ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн ялаа эдэлж дууссаны дараагаас нэмэлт ялын хугацаа тоологдох юм. Нэмэгдэл ялыг шүүхээс гаргадаг. Энэ оны хоёрдугаар сарын мэдээллээр 520 гаруй орчим иргэд уг ялаар шийтгэгдсэн байдаг.

Харин энэхүү аяны хүрээнд тэдгээр хүмүүс улсын хэмжээнд зам тээвэрт оролцож байгаа эсэх талаар хяналт тавих үүрэгтэй ажиллаж байна" гэв. Түүнчлэн "Одоогоор зөрчилтэй иргэд нийтийн тээврийн хэрэгсэл барьж байгаад баригдлаа гэсэн зөрчил байхгүй байна. Аймаг, дүүргүүдээс тийм мэдээлэл ирээгүй. Хүндэтгэн үзэх зайлшгүй тохиолдолд зөвшөөрөл өгдөг. Үүнд монгол улсад эмчлэх боломжгүйгээс зайлшгүй үед болно.Мөн суралцах болон албан томилолт хийх зэргээс бус тохиолдолд гадаад дотоодын хилээр орж гарахыг хязгаарлана” гэх тайлбарыг өглөө.

Зураг