Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын захиргаа Утааны эсрэг ээж, аавуудад цуглаан хийхийг зөвшөөрөв

Б.Ану
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

- Утааны эсрэг ээж, аавууд Цэргийн баяраар “Pixel art” тэмцэл зохион байгуулна - 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу энэ Бямба гарагийн 12:30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрсөн байна. 

Ингэснээр Утааны эсрэг ээж, аавууд утааг эсэргүүцсэн “Pixel art” буюу үгний хэлбэрт орж зогсох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. 

Олон хүн нийлж “Утааг арилга!” “Эмнэлгээ барь!” “SOS MGL” зэрэг гурван үгийг бүтээж зогсох юм байна. 

Гурав дахь үг нь англи уриа байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түгээх зорилготой юм байна. Хамгийн багадаа 300-500 хүн оролцож байж хамтдаа энэхүү үгсийг бүтээдэг учир иргэдийг тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Гадаад оронд иргэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх нэг соёлтой хэлбэр нь энэхүү Pixel art бөгөөд зураг болон үлдэж гол санаагаа түгээсээр байдаг ач холбогдолтой юм. 

Цэргийн баяраар энэхүү үг бүтээх арга хэмжээнд оролцсон иргэд дараа нь Засгийн газрын ордныг хоёр удаа тойрч алхан Утааг арилгах Үндэсний хөтөлбөрийг төлөвлөгөөтэй нь шаардах талаар Утааны эсрэг ээж аавууд холбооноос мэдээллээ. 

Тэд зөвхөн өвөл утаагаа яриад хавар, зундаа мартдаг байдлыг халж сар бүр утааг арилгахыг шаардсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Учир нь 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр гэхэд агаар орчны бохирдлыг арилгах Үндэсний хөтөлбөрийг боловсруулчихсан байх ёстой атал одоо хүртэл нэгтгэн Сангийн Яамандаа ч хүргээгүй байгаа юм. Энэ нь утаатай тэмцэх шийдвэр гаргагчдын ажил хавар болоход удааширдаг уламжлалт хариуцлагагүй байдал давтагдах вий гэж ээж аав нар эмзэглэж байна. 

Тиймээс  хэрэв дөрөвдүгээр сар гэхэд утааг арилгах үндэсний хөтөлбөрөө боловсруулж дуусахгүй бол дөрөвдүгээр сардаа дахин олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна гэдгээ Утааны эсрэг ээж, аавууд хэллээ. 

 

Цуглааны зөвшөөрөл: