Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Болд: Монголд ургадаг мансууруулах төрлийн ургамлыг устгах ажил зогссоноос гэмт хэргийн тоо өссөн

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран Хууль зүй дотоод хэргийн яаманд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хэрэглээ, нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн давхарга, сүлжээ бий болж, дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэдийн нас улам залуужиж байгааг цагдаагийн байгууллагаас гаргасан гэмт хэргийн судалгаагаар тодорхойлжээ.
Нөхцөл байдлыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 84 дүгээр тушаалаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын тогтоолоор батлуулсан байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болд “Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист холбогдох гэмт хэргийн тоон үзүүлэлт маш их хэмжээгээр өсч байна.

Энэ төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийн хувьд тэнсэнгээс эхлэн хамгийн дээд хэмжээ нь 25 жилээр хорьдог. Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн хэргүүд дээр хийсэн судалгаа байдаг.

Насжилтын хувьд 2015 онд 79 энэ гэмт хэрэг илрүүлснээс насанд хүрээгүй 10 хүн, 2016 онд насанд хүрээгүй 6 хүн гэмт хэрэгт холбогдон, шалгагдсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар 15,000 орчим га газарт энэ төрлийн ургамал ургадгийг тодорхойлсон.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс устгах ажлыг 2013-2015 онд гурван жил дараалан зохион байгуулсан. 2016 онд төсөвгүйгээс болж ажил зогссон учраас энэ гэмт хэргийн тоо өссөн.

Устгалын хувьд гар аргаар үндсээр нь түүх болон химийн бодис цацаж устгах гэсэн хоёр төрлийн арга байна” хэмээн тайлбарлалаа.

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас харахад сүүлийн гурван жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист холбогдох гэмт хэрэг, түүнд холбогдон шалгуулах хүний тоо тогтмол өсчээ.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист холбогдох гэмт хэргийн байдал/сүүлийн гурван жилээр/...

“Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2017-2019, 2019-2021 оны хооронд хоёр үе шатгайгаар зохион байгуулах бөгөөд уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр,

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлд Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас баталсан гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн хэм хэмжээнд үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар уг гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилсан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах.
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэллттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлд ахиц гарч, гэмт хэрэг, зөрчлийн тоо тодорхой хувиар буурна. Мөн уг бодистой холбоотойгоор үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурхад шууд бус хэлбэрээр нөлөөлнө.
  • Хүүхэд, залуучууд, иргэдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг дээшилж, нөхөн үржихүй, хүн амын удмын санг хамгаалах нөхцөл бүрдэнэ. Мөн донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бий болсноор дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, нийгэмд үзүүлэх хор уршиг буурах нөхцөл бүрдэнэ.
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, холбогдох мэргэжлийн байгууллагаар шинжлэх ухааны үндэслэлтэй суурь болон хавсарга судалгаа хийсний үндсэн дээр уг гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд тус тус ахиц гарна гэж тооцоолж байгаа юм байна.