Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монако талбайдаа Сити-г буулган авлаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хариу тоглолт өнгөрсөн шөнө болж, Монако клуб талбайдаа Манчестер Сити-г 3:1 онооны харьцаагаар буулган авлаа.

Өмнөх тоглолт Сити-гийн талбайд болоход 5:3-аар Сити хожоод байсан юм. Тоглолтын эхний гоол тоглолт эхлээд ердөө найм дахь минутад Монако клубийн Бернардо Силвагийн дамжуулалтаар Мбаппе Лоттин гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Үүнээс хойш эздийн довтолгоо эрс сэргэсэн юм. Тоглолтын 29 дэх минутад эздээс Бенжамин Мендигийн дамжуулалтыг Фабиньо чулуу болгож, тэргүүллийг улам баталгаажуулжээ. Тоглолтын эхний үед өөр гоол оролгүй, эздийн давамгайллаар өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд хоёр баг тэнцүүхэн тоглож аль, аль нь аюултай довтолгоо хийж байлаа. Хоёр гоол алдаад байсан Манчестер Сити клубийн хагас хамгаалагч Лерой Сане тоглолтын 71 дэх минутад гоол оруулснаар зочдод бага ч гэсэн итгэл авчирсан юм. Гэвч зочдын гоолоос ердөө зургаахан минутын дараа буюу 77 дахь минутад эздээс Томас Лемарын дамжуулалтаар Тьемүэ Бакаёко гоол оруулснаар тоглолтын эцсийн цэгийг тавьжээ.

Францын лигийн Монако клуб талбайдаа хожсоноор хоёр тоглолтын нийлбэр харьцаа 6:6 болж, зочлон тоглолтод гурван гоол оруулсан гэдэг үндэслэлээр Монако клуб дараагийн шатанд шалгарсан юм. Францын Лиг 1-ийн хүснэгтийг Монако клуб 68 оноогоор тэргүүлж байгаа бол Манчестер Сити клуб Премьер лигт 56 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.

Эх сурвалж: soccerway.com