Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайн анчдаас болгоомжилсон Чехийн амьтны хүрээлэн хирснүүдийнхээ эврийг тайрахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Францын амьтны хүрээлэнд болсон зэрлэг явдлаас сургамж авсан Чехийн хүрээлэнгийнхэн өөрийн ховор төрлийн хирснүүдийн эврийг тайрахаас өөр аргагүй болсон байна.

Гуравдугаар сарын 7-нд Францын Парис хотын ойролцоох хүрээлэнд хулгайн анчид нэвтэрч, ховорт тооцогддог эрэгчин цагаан хирсийг агнаад, эврийг нь авч явсан хэрэг гарсан юм.

“Хирснүүдийн аюулгүй байдлыг бодоод бид ийм алхам хийх гэж байна” гэж Чехийн Двур Кралове над Лабем хотын амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Андреа Жирусова ярьжээ.

“Францад болсон халдлага бидэнд аюул ойрхон байгааг харуулсан” гэж хэлсэн тэрээр хэзээ эвэр тайрах ажиллагааг явуулахаа мэдэгдээгүй байна. Чехийн хүрээлэнд одоо 21 хар ба цагаан хирс амьдардаг юм. Хирсний эвэр хар зах дээр килограм нь $60,000 хүрдэг нь алт, кокайн зэргээс үнэтэй бараа болж байна. Үүнийг Хятад, Вьетнам зэрэг улсуудад анагаах ухааны зориулалтаар ашигладаг. Мөн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг бэлдмэл гаргаж авдаг гэнэ.

Амьтны хүрээлэнгийн захиргаа өмнө нь хирснүүдийг тээвэрлэх, эмчлэх зорилгоор эврийг нь тайрч байснаас хулгайн анчдаас болж ингэж байгаагүй ажээ.

2009 онд Кени улсаас нэг эр, хоёр эмэгчин цагаан хирс авчирч байсан Чехийн хүрээлэн энэхүү ховор амьтныг амжилттай өсгөн үржүүлж байгаа цорын ганц газар юм.

Цагаан хирс бараг устаж үгүй болсон амьтны төрөл зүйлд тооцогддог ба Африкийн иргэний дайн, хулгайн ангийн хөлд үрэгдээд дуусч байгааг Дэлхийн Байгаль Хамгаалах Сан мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian