Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хуульч эрдэмтдийн үндэсний Анхдугаар чуулганыг тавдугаар сард зохион байгуулахаар болжээ

ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын санаачилгаар Монголын хуульч эрдэмтдийн үндэсний Анхдугаар чуулганыг тавдугаар сард зохион байгуулахаар болжээ. Энэхүү чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж байгаа юм.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, чуулганы зохион байгуулалтын талаар санал солилцов. Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг зохион байгуулснаар салбарын эрдэмтдийн харилцаа холбоо бэхжиж, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, тэдний дуу хоолой, оюуны нөөц боломжийг ашиглах боломж нээгдэж байгаа юм.

Чуулганы үеэр хуульч, эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэн гарах ажээ. Чуулганы агуулга, ач холбогдлын талаар ажлын хэсгийн гишүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг:  Хуульч эрдэмтдийн чуулганыг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Монголын түүхэнд 1960 оны сүүлээс хууль зүйн салбараас төрөх эрдэмтдийн гараа эхэлсэн. Эхнийх нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байсан. Үүнээс хойш Монгол Улс нийт 160 гаруй хууль зүйн салбарын эрдэмтэнтэй болжээ. Үүнээс 16 нь хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. ХЗДХЯ-аас эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсох, бүтээлийг нь таньж мэдэх зорилготойгоор чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.  Монголын хуульчдын холбооны зүгээс энэ үйл ажиллагаанд хамтран оролцож, бүх талаар дэмжиж ажиллана.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган: Монголын хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг ХЗДХЯ санаачилж зохион байгуулж байгаа нь их ач холбогдолтой. Монголын хуульч, эрдэмтэд нийгмийн харилцааг зохицуулж байгаа гол хуулиудын шинжлэх ухааны үндэслэлийг гаргаж ирэх үүрэгтэй.

Одоогийн байдлаар манайд дэд эрдэмтэн, боловсролын докторын зэрэг хамгаалсан 160 гаруй эрдэмтэд байна. 16 шинжлэх ухааны доктор, хоёр академичтай.

Энэ нөөц бололцоог хууль зүйн салбарт, хууль зүйн шинжлэх ухааныг  хөгжүүлэхэд зайлшгүй ашиглах ёстой. Эдгээр эрдэмтэд дотор тодорхой салбараар мэргэшсэн хүмүүс ч бий.

Манай сургуулийн зүгээс бүтээлийг зөвхөн хэвлээд өнгөрөх биш нийтэд түгээн дэлгэрүүлэх, гол хуулиуд дээр эрдэмтдийн саналыг оруулах чиглэлд анхаарч байна. 

 

Эх сурвалж: ХЗДХЯ