Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

BBC сувгаар од болсон хүүхдүүдийн эцэг эх анх удаа ярилцлага өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хүүхдүүдийнхээ ачаар санамсаргүй интернэт ертөнцөд од болсон эцэг, эх хоёр болсон явдлын дараа анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Өмнөд Солонгосын Бусаны Үндэсний Их сургуульд зүүн Азийн улс төр судлалаар ажилладаг, профессор Роберт Кэлли өнгөрсөн Баасан гарагт BBC сувагт шууд ярилцлага өгч байхад нь түүний бага насны хоёр хүүхэд өрөөнд орж ирж үймүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон явдал болсон юм.

Уолл Стрит Журналд ярилцлага өгсөн Кэлли энэхүү дүрс бичлэгийг нь хүмүүс 100 гаруй сая удаа үзэж, түүний эхнэр Ким Жун А, дөрвөн настай охин Марион, 8 сартай хүү Жэймс нарыг “YouTube Stars” болгосон гэжээ.

“Миний гаргасан жижигхэн алдаа манай гэр бүлийг YouTube-ийн одод болголоо. Үнэхээр хөгтэй явдал” гэж Кэлли ярьсан юм.

Ким Жун А хэлэхдээ тухайн үед тэр хүүхдүүдийн хамт Кэллигийн ярилцлагыг зэргэлдээ зочдын өрөөнд телевизээр үзэж суусан гэнэ. Гэтэл Кэлли ярилцлага хийж байсан өрөөнийхөө хаалгыг түгжилгүй орхисон нь алдаа болж, эхлээд охин нь өрөөнд орж иржээ. Араас нь түүний дүү орж ирснийг бүгд харсан юм.

Ким эзэгтэй эхэндээ энэ явдал түүний нөхрийн ажилд муугаар нөлөөлөх вий, хэвлэл мэдээллийн сувгаар дахин гарах боломж нь хаагдах вий гэж болгоомжилж байсан гэнэ. Гэвч хүмүүс эерэг хүлээж авсныг хараад тайвширсан байна.

Уолл Стрит Журнал мөн дүрс бичлэгийг үзсэн хүмүүсээс ирсэн зарим асуултуудыг Кэллид тавьжээ.

Тухайлбал:

 

- Кэлли ярилцлага өгч байхдаа өмд өмссөн байсан уу?

- Мэдээж, гэхдээ жинсэн өмдтэй байсан.

 

- Ажлын өрөөний хаалгаа түгжиж болоогүй юм уу?

- Үргэлж түгждэг байсан. Гэвч энэ удаа мартсан байсан.

 

- Шар цамцтай охин өрөөнд чинь орж ирэхдээ үргэлж ингэж бүжиглэдэг үү?

- Энэ өдөр сургууль дээрээ баярт оролцсон учраас тэр тийм хөгжилтэй байсан.

 

Өчигдөр бас Кэлли BBC сувгийн нэвтрүүлэгт гэр бүлийн хамт дахин оролцож сэтгэгдлээ ярьжээ. Энэ үеэр Кэлли түүний эхнэрийг хүмүүс хүүхдүүдийн асрагч байх гэж ярилцаж байсан нь тэдэнд нэлээд таагүй сэтгэгдэл төрүүлснийг хэлсэн байна.

Мөн тэд тарсан дүрс бичлэгийг өөрсдөө ч олон дахин үзэж, инээлдэж, хүмүүс эерэг хандлагатай байгаад их баярласан гэжээ.

Ким эзэгтэй зочны өрөөнд телевизээр нөхрийнхөө ярилцлагыг үзэж суухдаа охин нь гэнэт дэлгэцэнд гарч ирэхэд л хэрэг биш болсныг мэдэж яаран өрөөнд орж ирснээ ярьсан байна. Хосууд энэ явдлын дараа хүүхдүүдээ огт загнаж, буруутгаагүй гэдгээ хэлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Кэллигийн гэр бүл манай дэлхийн хамгийн алдартай гэр бүл болсон юм. Америкийн телевизийн шоуны хөтлөгч Трэвор Ноа энэ явдлыг “телевизийн түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй хамгийн агуу мөч” гэж нэрлэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post