Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлэх зуухны хаалт болон халуун тогооны тавиур өглөө

ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
 

Тайваниас Монголд Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн харьяа “Гэр хотхон”-ы 10 айлд суурилуулсан бага насны хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зуухны хаалт болон халуун тогооны зориулалтын тавиурыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ нь бага насны хүүхдийг гэнэтийн түлэгдэх аюулаас  урьдчилан сэргийлж, амь нас эрүүл мэндийг нь хамгаалахад тус дэм болох чин хүсэлтэй юм. 

Монголын өвөл хүйтэн, урт учир Монгол гэрт оршин суудаг айл өрхийн хувьд зайлшгүй гал түлэх шаардлагатай байдаг. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд айл өрхүүд Хятад улсад үйлдвэрлэгдсэн халуун тогоог түгээмэл ашиглах болсон ба зориулалтын тавиур байхгүй газар тавьж хоол, цайгаа бэлтгэх нь түгээмэл байдгын улмаас 5-аас доош насны хүүхдүүд түлэгдэлтэнд өртөх нь элбэг үзэгдэл болж байна.

Тус төлөөлөгчийн газрын ажилтан Монгол гэрийн зууханд гараа түлсэн тохиолдлоос үүдэн түлэгдэлтийн асуудлыг тодорхой хэмжээнд судалсны үндсэн дээр энэ ажлыг эхлүүлэх санаачлагыг гаргажээ. 

Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслүүдийг модоор хийсэн ба “Гэр хотхон”-ы айлд туршин тэдний санал, сэтгэгдлийг сонсож, засаж сайжруулсаны дагуу одоогоор 10 айлд суурилуулаад байна.

 

Төлөөлөгч Хуан Куо Рун хүүхдийн түлэгдэх эрсдэл, аюулыг багасгах цаашид үгүй болгох халуун сэтгэл өвөрлөн эхлүүлж буй уг ажлын зорилго нь  “Тайванийн гэр хотхон”-ы өрх айлуудаас эхлэн, цаашид Монгол Тайванийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын хүч, сэтгэлийг нэгтгэн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулж хамтран хүчин зүтгэхийг уриалахад оршиж байгаа аж.

Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Гэр хотхон”-нь 2007 онд байгуулагдсан одоогоор 69 амьжиргааны түвшин доогуур айл өрхөд амьдрах нөхцлийг бүрдүүлэн цэвэр усны худаг, сургууль, тохилог ариун цэврийн газар, номын сан, хурлын заал зэрэг тохижилттойгоор үйл ажиллагаа явуулж байна. 

Мөн гэр хотхоны өрхүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд бичил мэргэжил, сургалтын төвийг ажиллуулдаг ба ноос ноолуур, эсгий урлалын бүтээгдэхүүнүүд урлаж борлуулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг.    

Тайванийн Хүүхэд Гэр Бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар 2004 оноос хойш Монголын нэн ядуу болон амжиргааны түвшингээс доогуур хэдэн арван айл өрхөд сар бүрийн тэтгэмж, эмнэлэгийн үзлэг хүүхдүүдэд нь сургалтын тэтгэлэг олгож, суралцах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төрлийн тусламж дэмжлэг үзүүлж, өнгөрсөн 13  жилийн хугацаанд 17,000 хүүхдэд тусламжийн гараа сунгаж ажилласанаас 7,100 нь аль хэдийн биеэ даах хэмжээнд хүрч Тайвань ард түмнээс Монгол ард түмэнд илгээсэн хайр энэрэлийг хүртээд байна. 

 

 

Эх сурвалж: Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газар