Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Жилд 7,950 идлэг шонхор цахилгааны шугамаас болж үхдэг

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн судалгаагаар тухайн жилийн мэрэгч амьтдын тоо толгойн байдлаас хамааран нэг жилд 713-7,950 идлэг шонхор Монгол орны хэмжээнд цахилгаан шугам сүлжээн дээр зүй бусаар хорогддог байна. Үүнээс гадна 60 орчим зүйлийн бусад шувууд жил бүр цахилгаан түгээх шугамд цохиулан үхдэг ажээ.

Энэ байдлаас сэргийлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, цахилгаан шугам сүлжээний орчин шийдлүүдийг хэлэлцэх зорилгоор “Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт үндэсний анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжил зүйн газар, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож, нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа ажээ.

“Идлэг шонхор бол Монгол орны бахархал болсон шувуу. Дэлхий дахинд энэ шувууны тоо толгой цөөрч байгаа. Бид олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон шаардлагынхаа дагуу идлэг шонхор шувууг хамгаалах ёстой. Нэг жилд 713-7,950 шувуу хорогдож байгаа нь маш том тоо” гэж Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр ярьсан юм.

Зөвлөгөөнөөр цахилгаан дамжуулах сүлжээ нь махчин шувуунд хэрхэн нөлөөлж байгаа, талуудын хамтын ажиллагааг тодорхойлох, шугам засварын ажлыг хийхийн тулд хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох, цахилгаан дамжуулах шугам засах хугацааг тогтох зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Анхдугаар уулзалт зөвлөгөөний дараа Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргэхээр болжээ.