Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Москва дахь Элчингийн II байрыг экс ерөнхий сайдын заавраар “маанийг нь” уншсан уу?

Н.Эрдэнэ, Өглөөний сонин
2017 оны 3 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Москва дахь манай Элчингийн мэдлийн II байртай холбоотой шуугиан байсхийгээд л дэгдэж, УИХ, Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдаад ч түрээсийн гэрээг нь цуцалж хүчирдэггүй, эсхүл Москвад алба хашиж байсан хэн нэгэн Элчин сайд АТГ-д дуудагдаж мэдүүлэг өгч, тэгсхийгээд л усанд хаясан чулуу шиг замхарсаар иржээ.

Энэ удаагийн Оросын сэтгүүлч нарын дэгдээж Москва, Улаанбаатарыг шуугиулж байгаа явдал ч төд удалгүй нам жим болно гэдэгт учир мэдэх хүмүүс, тэр ч бүү хэл оросууд өөрсдөө ч итгэлтэй байгаа аж.

Учир нь Москва дахь Элчингийн II байрыг “Центр-Регион Эстейт” гэх компанид 10 жилийн хугацаатайгаар түрээсэлсэн гэгдэх хэрэг явдлын ард манай нөлөө бүхий улстөрчдийн нэр холбоотой бололтой. Энэ нь одоо Элчин сайдаар сууж буй Б.Дэлгэрмаагаас ч бүр өмнөх хэрэг явдал юм.

2005-2009 онд суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангайн үед Элчингийн II байрыг түрээслүүлэх гэрээг хийсэн ч үнэндээ түүний өмнө элчингээр сууж асан, Оюутолгойн гэрээнд нэр нь мөнхийн хавчуулагдаж явдаг экс Ерөнхий сайд С.Баяр гол зааврыг нь өгсөн тухай учир мэдэх хүмүүс ярьдаг аж.

Тэгвэл С.Баярын заавраар Монгол Улсын ЭСЯ өөрийн эзэмшлийн хөрөнгөө гадны компанид түрээслүүлэх ажлыг эхлүүлж, монголчуудын ярьдгаар маанийг нь уншиж өгөөд түүний дотны анд гэгддэг Л.Хангай нь үргэлжлүүлэн гардан гүйцэтгэв үү?
Л.Хангайн хүү, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтай С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь Шадар туслах нь байсан гээд харвал тэдний хооронд чамгүй дотно холбоо байдаг бололтой. Тэгэхээр байсхийгээд л шуугиулдаг энэ асуудалд С.Баярын нэр холбогдож таарах гээд байгаа юм.

Ардчилсан намын дарга асан З.Энхболдыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхад Москва дахь ЭСЯ-ны II байрыг чеченүүдэд заржээ гэх дуулиан ч дэгдэж байв. Тэр үед нь Байнгын хорооноос ажлын хэсэг гарган шалгаж байсан ч хэрэг явдлын учиг Москва ороод л бүдгэрч, ээдрээтэж байжээ. Ер нь энэ асуудал дээр Гадаад хэргийн яам, Засгийн газар, УИХ-аас шалгах ажлын хэсэг удаа дараа байгуулагдсан ч хэсэг хугацааны дараа ажлын хэсгийн гишүүд ус балгасан мэт таг чиг болдог байсан нь учиртай биз.

Одоо Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад Элчин сайдаар томилогдож, Английн хатан хаанд жуух бичгээ бариад байгаа С.Баярыг АНУ-д олон үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн хэвлэлээр бичдэг. Эндээс үзвэл Ерөнхий сайд асан С.Баярын нэр хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгийн асуудалтай ямар нэг байдлаар байнга л орооцолдож явдаг аж.

ОХУ-ын мэдээллийн Лайф агентлагийн сэтгүүлч Екатерина Юмановагийн бичсэн “ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МОСКВА ДАХЬ МОНГОЛЫН ДИПЛОМАТ КОРПУСЫН МЭДЛИЙН БАЙРАНД АЗ, ЁНДОО ҮЗДЭГ РУЛЕТ ТОГЛООМЫН КАЗИНО АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ” гэсэн нийтлэлд “Өмгөөлөгч Руслан Коблев хэлэхдээ, энэ хэрэг явдал Монголын дипломат ажилтнуудыг цочоохгүй биз. Тэд удалгүй агуулах сав, өрөө байраа түрээсэлсэн гэрээ гаргаж ирж тэнд юу хийдгийг мэдэхгүй гэцгээнэ гэлээ” хэмээснээс үзэхүл оросууд ч манай дипломатуудын хударгагүй занг андахаа байсан шинжтэй.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Одоогоор ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй байна. Хэрэв “Центр регион эстэйт” компани 2007 оны гэрээг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол манай талаас гэрээг даруй цуцлах арга хэмжээ авна” хэмээн мэдээлэл өгөөд байгаа. Тэгэхээр энэ дуулиан тэгсхийгээд намжиж, хууль зөрчсөн нь баттай болж тогтоогдсон ч арван жилийн өмнө хаалттай хаалганы цаана зурагдсан гэрээг цуцлаад л холбогдох этгээдүүд нь уснаас хуурай гарах нь тодорхой болж байна.

Гэтэл МАН-аас Москвад томилогдож байсан Элчин сайд нарын үлдээсэн таагүй өв болох энэ асуудал ОХУ-ын хууль тогтоомжоор зогсохгүй, олон улсын дипломат харилцааг зохицуулдаг Венийн конвенцийг ч зөрчиж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын хэвлэл мэдээллээр шившиглэж байгааг хэн хэрхэн залруулах вэ?

Нөгөөтэйгүүр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй нийслэл Москвагийн төвийн бүсэд байрлалтай дипломат статустай II байрыг түрээсэлсэн гэрээний дагуу Монголын талд хэдий хэмжээний орлого орсон, тэдгээрийг хэн ямар зориулалтаар хэрхэн зарцуулсныг Монгол Улсын Шилэн дансны хуулийн дагуу он оноор, сар сараар нарийвчлан гаргаж олон нийтэд мэдээлэх нь Гадаад харилцааны яамны хуулиар хүлээсэн үүрэг болж байна.

Шилэн дансны хуулийг санаачилж, Элчин сайд нарыг өөрөө томилдог Монгол Улсын Ерөнхийлөгч ч тэртэй тэргүй мундаггүй байгаа Монгол, Оросын харилцаанд ч сэв суулгаж мэдэх энэ асуудалд анхаарлаа хандуулах буй за.

Зураг