Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОУВС-тай хийсэн хэлэлцээр Монгол Улсаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх санал тавьж, хэлэлцээрийн үр дүнд цаашид үргэлжлүүлэх тохиролцоонд хүрчээ.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Сүүлийн үед ипотекийн зээл зогссон. Монголбанк санхүүжилт олгохгүй байгаа гэсэн мэдээ байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 800 орчим зээлдэгчийн асуудал арилжааны банкаар дамжуулан шийдэгдсэн байна.
Санхүүжилт нь Монголбанканд байршиж байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондоос эргэн төлөгдөж байгаа эх үүсвэрээр санхүүжигдэж байна. Тухайн бондын үндсэн төлбөр болон хүүний төлбөр хоёулаа энэхүү санхүүжилтэд ашиглагдаж байгаа. Ингэж үзвэл 24-25 тэрбум төгрөг сар бүр санхүүжилтэд орж байна.
ОУВС-тай хэлэлцээр хийх явцад ипотекийн зээлийг зогсоолоо гэсэн мэдээлэл олон нийтийн дунд явж байна. Монгол Улсын зүгээс ОУВС-д ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байна гэдэг саналыг тавьж, санхүүжилтийн хэмжээ болон зарчмыг тохирсон.
Тэгэхээр хэлэлцээр нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас орж ирж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн үр дүнд хүрсэн.
Дараагийн тохирсон зүйл бол 2018 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт бүрэн шилжих ёстой гэсэн зарчмын байр сууринд хүрсэн.
Ямар байдлаар энэ хөтөлбөр цаашид хэрэгжих, Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх зэрэг асуудлууд одоогоор тодорхойгүй байна” гэлээ.