Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс: Роботуудаас татвар ав!

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Технологийн хөгжлийн үр дүнд хиймэл оюун ухаант роботууд хүмүүсийн ажлын байрыг булаах болсон талаар сүүлийн үед их ярих болсон.

Үнэндээ энэ үйл явц бүр эртнээс эхэлснийг бид анзаараагүй. Тухайлбал төмөр замын зүтгүүр автомат горимд улам бүр шилжсэнээр өнөөдөр жолооны ард нэг л хүн байх хэрэгтэй болсон. Тэгвэл 1970-аад оны үед таван хүн ажилладаг байжээ.

Америкийг дахин хүчирхэгжүүлэх тухай ярьдаг ерөнхийлөгч Дональд Трампын ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөгөө ч эргэлзээтэй. Учир нь Америкаас ажлын байр хулгайлж байна гэж үздэг Хятад, Мексик улсуудаас илүү аюулыг роботууд бий болгож байж мэдэх юм.

Тэгвэл саяхан Quartz сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбумтан Билл Гэйтс нэгэн сонирхолтой санааг дэвшүүлжээ.

Түүний үзэж байгаагаар эрх баригчид робот ажиллуулсны төлөө компаниудаас татвар авдаг байж болох гэнэ. Энэ нь манай дэлхийн хамгийн өөдрөг үзэлтэй технологийн салбарын тэргүүнээс гарсан гэхэд хачирхалтай санаа.

Хүмүүс ажил хийж орлого олсныхоо төлөө олон төрлийн татвар төлдөг шиг зарчим роботуудад бас үйлчлэх ёстой. Ийм дарамт нь технологийн инновацийн хурдыг сааруулах байсан ч хамаагүй. Гол нь энэхүү татварын орлогыг зөвхөн хүн хийж чадах ажлууд, тухайлбал хүүхдэд багшлах, өндөр настнуудыг асрах зэрэг салбарт ажиллаж байгаа хүмүүст эргүүлэн зарцуулах ёстой гэнэ.

Өөрөөр хэлбэл роботоос авсан татварыг хүний төлөө ажиллаж байгаа хүмүүст зарцуулах. Роботын түрэмгийллийг хүний сайн сайханд туслах хүч болгон хувиргах юм.

Энэ санаа цоо шинэ зүйл биш. Өнгөрсөн онд Европын парламентад роботын эздээс татвар авч, ажлын байраа булаалгасан хүмүүсийг өөр ажилд мэргэшүүлэхэд зориулах санал ороод дэмжигдээгүй байна.

 

Эх сурвалж: Quartz