Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Түвдэнбалжир: “ЭТТ” компанийн засаглал нь үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас өнөөдөр Таван толгойн уурхайн үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын Эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир, “Эрх чөлөө” намын дарга Ш.Төмөрсүх нар оролцсон юм.

Ш.Түвдэнбалжир “Манай зөвлөлөөс санаачлан "Эрдэнэс Таван Толгойн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" байгуулж байгаа. Таван толгой нь 7 тэрбум тоннын нөөцтэй орд.

Энэ ордод нүүрснээс гадна Улаанбаатар хотыг эрчим хүчээр 60 жил хангах боломжтой метан хийн нөөц бий. Үүнийг ашиглахгүй байна. Манай улс 2016 онд Парисын гэрээнд нэгдсэн. Гэрээнд нэгдсэн үүргийнхээ дагуу энэ метан хийг агаарт цацахгүйгээр хийн хоолой барьж ашиглах ёстой.

Монгол Улс 4,000 орчим орд газрынхаа лицензийг бусдад алджээ. Ядахдаа ганцхан ордоо ард түмэн өөрсдийнхөө мэдэлд авмаар байна. Энэ бол Монголын ард түмнийг үеийн үед хангалттай боломжтой амьдруулах орд. Яагаад гэвэл Таван толгойн орд дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийнх нь дунд оршдог. Тиймээс энэ ордын асуудал үндэстэн дамнасан группуудын бодлогоор яваад байна. Үүнийг нэг л жишээ нотолно. Байгуулагдсан цагаасаа 16 сая куб метр нүүрс олборлочихоод өнөөдөр 822 тэрбум төгрөгийн өртэй болгочихсон байна. Энэ компанийн засаглалын бүтэц нь өөрөө үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй юм байна” гэв.

Тус компанийн засаглалын асуудлаар өмгөөлөгч Г.Батбаяр1,072 хувьцаа эзэмшигчид албан ёсоор улсын бүртгэлийн албанд бүртгэгдээгүй. Зүгээр л хоосон цаасан дээр хувьцаа эзэмшигч гэдэг байдлаар Монголын ард иргэдийг хөрөнгө босгоход ашиглаж байгаа болох нь нотлогдож байна.

Тийм учраас “ЭТТ” компанийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын гурван сая иргэнийг бүртгүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газарт ганцхан хувьцаа эзэмшигчтэй энэ компанийн ашиг орлого хаашаа яваад байгаа, улсын бүртгэлд яагаад бүртгүүлээгүй болох тухай хандсан.

Энэ компани анх 300 сая төгрөгийн дүрмийн сантай байсан ч одоо хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Мөн 900 сая төгрөгийн түрээсийн өртөг бүхий байранд үйл ажиллагаа явуулж байгаа.

587 албан хаагчтай гэдэг боловч үүний 200 орчим нь оффисийн албан хаагчид, бусад нь тогооч, жолооч зэрэг хүмүүс байна. Тиймээс “ЭТТ” компанийн ашиг хаашаа яваад байгаа нь тодорхойгүй. Гурван сая иргэний хувьцаа хоосон цаасан дээр хэлбэрийн төдий болж хувираад байна” гэв.

Тэдний зүгээс "ЭТТ" компанийн одоогийн удирдлагууд хэд хэдэн сайн ажлууд хийж байгааг мөн дурдсан юм. Тухайлбал нүүрсний үнийг нэмэгдүүлсэн, борлуулалтын урьдчилгаагаа авч олборлолтоо явуулж байгаа зэрэг асуудлууд юм. 

Гэхдээ тус нийгэмлэгээс эдгээр асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, төрийн байгууллагад шаардлага хүргүүлэх зэргээр тэмцэх ажээ.