Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ховд, Говь-Алтайн сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө

ikon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумын нутагт бог малын мялзан өвчнөөр бөхөн олноор өвчилж, хорогдож байгаатай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, тус яамны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба,  ОБЕГ-ын дарга ОБЕГ-ын дарга дарга Бригадын генерал Т.Бадрал, тус газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга  хурандаа Б.Ууганбаяр, Мал үржлийн хэлтсийн дарга  Б.Цолмон, БОАЖ-ын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Н.Жамъянхүү, нар энэ сарын 3-6-ны хооронд орон нутагт ажиллаад ирлээ. Нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Бид энэ сарын 3-6-ны хооронд өвчин гарсан голомт дээр ажиллаад ирлээ. Энэ сарын 7-ны байдлаар Говь-Алтай аймагт 2,032, Ховд аймагт 1,786 бөхөн нийт 3,818 бөхөнгийн сэг зэмийг ариутгаж устгалд оруулсан. Хорогдсон бөхөнгийн 70 хувь нь янзага, 28.2 хувь нь шаргачин үлдсэн хувь нь ооно байсан.

Мөн бид Монгол бөхөнгийн тархац нутаг болох Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт сум буюу Шаргын говь, Хүйсийн говь, Ховд аймгийн Дарви, Чандмань, Дөргөн сумын Дөргөний хүрэн талын нөхцөл байдалтай танилцаж, бөхөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тандан судалгааг хийх постын үйл ажиллагаатай  танилцсан” хэмээлээ. 

Өвчин гарсан голомтод ажиллахдаа Говь-Алтай, Ховд аймгийн холбогдох газрууд болон тус хоёр  аймгийн Дарви, Чандмань, Тонхил, Шарга, Дарви, Чандмань сумын Засаг дарга нарт тухайн бүс нутагт нутаглаж буй малчин өрхийн мал болон байршлын судалгааг нарийвчлан яаралтай гаргах, малчдын шилжилт хөдөлгөөнийг тухайн бүс нутагт хязгаарлах, Говь-Алтай аймгийн Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах, олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын гаргаж буй дүгнэлтээр хавраас дараагийн эрсдэл буюу цусан халдварт өвчин гарч болзошгүй учраас дараагийн хүндрэлийг эртнээс нарийвчлан тооцох талаар үүрэг чиглэл өгчээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга  хурандаа Б.Ууганбаяр “Ховд аймгийн Дөргөн сумын Агуш арал, Хомын тал, Манхан суманд нийтдээ 200 орчим толгой бөхөн эрүүл бүсэд нутаглаж байгаа. Эдгээр эрүүл бөхөнгөө өвчинд нэрвэгдүүлэхгүйгээр авч үлдэхийн тулд эрүүл бүсийг хязгаарлан, тусгаарлах, хяналтын бүс тогтоон малчид иргэдийг дайчлан, олон хүний бүрэлдэхүүнтэй постууд ажиллуулж байгаа” гэдгийг онцлон хэллээ.

Мөн мялзан өвчнөөр хорогдож буй бөхөнгийн тоо нэмэгдэхийн хирээр ашиг сонжоо хайсан хүмүүс  бөхөнгийн сэг зэмээс эврийг нь тайрч авах хэрэг ихээр гарч байгаа бөгөөд энэ тал дээр Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар онцгойлон анхаарч ажиллаж байгаа ажээ. 

Эх сурвалж: БОАЖЯ