Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын баримтаа шалгаж аваарай

Б.Сумъяа, Монголын мэдээ
2017 оны 2 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын хууль өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш иргэд аливаа худалдан авалт хийсэн баримтынхаа дугаар, үнийн дүнг бүртгүүлэн урамшуулалт сугалаанд оролцож, хоёр хувийн буцаалтаа эргүүлэн авах болсон. Нэг талаар иргэнд, нөгөө талаар зарим аж ахуй нэгжийг татвараас зугтаах байдлыг хумисан нь улсын төсөвт эерэг нөлөө үзүүлж эхэлсэн жишээ олон байна.

Гэхдээ нэг асуудал байна. Иргэд, худалдан авагчдаа дэлгүүр, супермаркетаас худалдан авалт хийснийхээ дараа баримтаа сайн шалгаж аваарай. Иргэн таны бүртгүүлсэн баримт дотроос “Үнийн дүн зөрүүтэй” гэх баримт гарч ирэх вий. Зарим хүний хувьд ийм баримт гараагүй байж болох хэдий ч, ийм тохиолдол нэлээдгүй гарч буйг албаныхан ч хэлж байсан юм.

Саяхан “Миний Хайпермаркет”-аар үйлчлүүлэв. Нийслэл хотын энд тэндгүй салбартай тус сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийж, баримтаа ч марталгүй авлаа. Гэтэл өнөөхөө бүртгүүлтэл “Үнийн дүн зөрүүтэй” гэх тайлбар гарч ирснээс хойш хэд хоногийг үдэв. Эцэстээ хэдэнтээ бүртгүүлснийхээ дараа баримтаа сайтар ажиглавал “Ebarimt-д бүртгүүлэх дүн, НӨАТ-тай, НӨАТ- гүй дүн гэх мэтээр ялган бичсэн байх нь тэр.

Гэтэл үнэндээ “НӨАТ” ороод 19,810 төгрөгийн худалдан авалт хийсэн байтал Ebarimt-д бүртгүүлэх дүн нь 10,930 гэж бичсэн байв. Миний халааснаас 20 орчим мянган төгрөг гарсан байтал үнэн хэрэгтээ баримтаа бүртгүүлэх үедээ 10 мянга гэж бичих нь тун инээдтэй хэрэг биз. Би худалдан авалт хийсэн, тэр дүнгээ ч бүртгүүлэх эрхтэй.

Гэвч чухам ямар шалтгаанаар ийм явдал болсныг ч “Миний дэлгүүр”-ийн төв салбар руу нь утас цохиж лавласнаа надтай яг ижил байдалд орсон уншигч танд ч бас хуваалцая. Тэдний хувьд ямар учраас төлсөн дүн, “Ebarimt”-д бүртгүүлэх дүн ялгаатай байгаа талаар “Таны худалдан авсан бараан дунд доогуур нь зурсан бүтээгдэхүүн байна уу. Тэр бүтээгдэхүүний үнийн дүнд НӨАТ ороогүй учир бүртгүүлэх дүнгээс нь хасагдсан байгаа” гэх тайлбарыг хэллээ.

Тухайн сүлжээ дэлгүүрийн лангуу дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авч, төлбөрийг нь төлсөн ч “доогуур нь зурсан” гэх барааны үнэ НӨАТ-ын хууль журмын дагуу бүртгэгдэхгүй нь. Ийм байдалд орсныхоо дараа “Сансар”, “Номин” гэх мэт супермаркетуудаар ч орж, бүтээгдэхүүн авч үзлээ.

Лав л худалдан авалт хийсэн дүн бүртгүүлэх дүн хоёр хоорондоо зөрсөнгүй. Харин “Миний дэлгүүр”-ийнхний зөрүүтэй баримтад хууль хяналтынхан нь нэг тайлбар хэлэх биз. Өөр нэгэн жишээ дурьдая. Баруун аймаг руу зорчихоор “Драгон” төвд очиж автобусны тасалбараа бичүүлсэн юм.

Тасалбарын үнэ нь 27,000, амь даатгал нь 500. Нийтдээ 27,500 төгрөг тушааж, НӨАТ-ын баримт ч авлаа. Гэтэл бүртгүүлэх дүн нь бас л зөрүүтэй. 27,500 төгрөг тушаасан байхад бүртгүүлэх дүн нь 2,160 байх юм. НӨАТ-ын хууль өнгөрөгч онд л хэрэгжиж эхэлсэн гэдэг утгаар нь иргэд баримтаа хааяа л бүртгүүлж, зарим нь огт бүртгүүлж ч байгаагүй болов уу.

Гэтэл өнгөрсөн 2016 оны тоо баримт энэ хууль ямар үр дүнтэй, хэрэгтэй байсныг гэрчилсэн. Тухайлбал, өнгөрсөн онд татварын төлөвлөгөө давж биелсэн. Өмнө нь НӨАТ хэзээ ч төлөвлөгөөндөө хүрч биелж байгаагүй юм билээ. Харин 2016 онд 100 хувь давж биелсэн.

Улсын төсөвт татвараас нэг их наяд 560 тэрбум төгрөг орсны 35 хувь буюу 555 нь НӨАТ-аас орсон мөнгө байх жишээтэй. Дээрээс нь өнгөрсөн онд НӨАТ төлөгчөөр 2,708 аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа бөгөөд энэ нь хэд дахин өндөр үзүүлэлт байв. Энэ бүхэн НӨАТ-ын хууль хэрэгжсэний гавьяа.

Ер нь 2017 оны төсөв тасарчихалгүй бүрдсэний нэг чухал хүчин зүйл нь НӨАТ байлаа. Гэтэл зарим нэг аж ахуй нэгжүүд энэ мэт асуудал гаргасны улмаас иргэдийн төлсөн дүн, бүртгүүлэх дүн хоорондоо зөрж буйг холбогдох албаныхан нь анхааралдаа аваарай. Харин иргэддээ хандаж хэлэхэд, баримтынхаа дүнг заавал шалгаж байхыг хүсье.

Зураг