Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлчүүд хэддүгээр сард хамгийн их өвчилдөг вэ?

Г.Номин, iKon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлчүүд жилийн аль сард хамгийн их өвчилж байгааг НЭМГ-аас гаргасан “Нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт” статистик судалгааг үндэслэн харуулж байна.

Ингэхдээ 2015, 2016 оны 1-12 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон түргэн тусламжийн нийт дуудлагын тоонд үндэслэн гаргасан юм.

Нэг.  арваннэг, арванхоёр болон гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хамгийн их байдаг

График нэгт үзүүлснээр Улаанбаатар хотод 2015 онд нийт 384,489 хүн, 2016 онд нийт 408,289 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдийг сар бүрээр харахад хүйтний улирал буюу арваннэг, арванхоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо хамгийн их байгаад нэг болон хоёрдугаар сард аажмаар буурч, гуравдугаар сард огцом өсчээ.

Үүнийг НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх "Амьсгалын замын өвчлөл хүйтний улиралтай шууд холбоотойгоор дэгдэж, идэвхжин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо нэмэгддэг.  Нэгдүгээр сард сурагчид амарсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний өвчлөл буурдаг.

Ханиад, томуу олон хүн цугларсан газар хүнээс хүнд халдварладаг учраас ЕБС-ийн хичээл цугласан болон Цагаан сарын баяр болохтой холбоотойгоор ханиад томуугийн дэгдэлт эргээд нэмэгддэг. Өмнөх жилүүдэд ч гэсэн Цагаан сарын дараа ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо ч өсдөг байсан" хэмээн тайлбарлалаа.

График 1: 2015, 2016 онд нийслэлд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдийн тоо /сар бүрээр/

Хоёр. Түргэн тусламжийн дуудлага мөн адил 11, 12 болон гуравдугаар сард хамгийн их байна

Тэгвэл Нийслэлийн түргэн тусламжийн төв 2015 онд 337,618, 2016 онд 343,246 дуудлага хүлээн авчээ. 2015 онд нийт дуудлагын 17.7 хувийг хүүхдийн, 82.3 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлж байсан бол 2016 онд нийт дуудлагын 15.3 хувийг хүүхдийн, 84.7 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлсэн байна.

Түргэн тусламжийн дуудлагын хувьд есдүгээр сард хамгийн бага хэмжээндээ хүрснээс хойш аажмаар арванхоёрдугаар сар хүртэл өсөөд нэгдүгээр сард буурсан хэдий ч хоёрдугаар сараас дахин өссөн байна.

График 2: 2015, 2016 онд нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын тоо /сар бүрээр/

Нийслэлийн хүн ам 2011 оноос хойш 245 мянгаар буюу 1,151,000-1,396,000 болж нэмэгдсэн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо жил ирэх тутам өссөнд нөлөөлж буй байх. 

График 3: 2011 оноос хойш нийслэлд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөөр байна.

Статистик үзүүлэлтүүдээс харахад ойрын өдрүүдэд буурч байгаа нийт өвчлөлийн тоо хоёр болон гуравдугаар сард эргээд нэмэгдэх хандлагатай байна.  

Тиймээс эцэг эхчүүдийг хүйтний улирал хэзээ дуусна тэр үед өвчлөл буурна гэсэн ойлголттой байж, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, бага насны хүүхдээ аль болох олон нийтийн газар, золголтонд авч явахгүй байх, ханиад томуу туссан хүн амны хаалт зүүх, хүмүүстэй шууд золгохгүй байхыг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна.