Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Green talks” энэ удаа 1952 оны Лондонгийн агаарын бохирдлын асуудлаар ярилцлаа

ikon.mn
2017 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулж буй “Green talks” уулзалт, ярилцлагын энэ удаагийн зочноор Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жейн Арнолд урилгаар оролцож 1952 оны Лондонгийн агаарын бохирдлын талаар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ 1800 оны үед Лондонд үйлдвэржилтийн эрин үе эхэлснээр хөгжил дэвшил ихээхэн гарсан ч үүнийг дагаад агаарын бохирдол маш ихээр үүссэх болсон. 20-р зууны Английн нэрт яруу найрагчид нь уран зохиолдоо Лондон хотыг утаатай, дүүнсгэр хэмээн дүрсэлсэн байдаг бөгөөд алдарт Шерлок Холмс-ийн адал явдлууд ч ихэнхдээ харанхуй, утаатай гудамжны булангуудыг дүрслэн харуулдаг нь утаа нь ёс заншил, соёлд нь хүртэл гүн нэвтэрсэн байгааг илэрхийлдэг байсан.

Thames голын хөвөөн дээр оршдог Лондон хот нь томоохон худалдааны цэг байсан тул маш олон худалдааны хөлөг онгоцууд усан онгоцны зогсоол дээр хэдэн өдрөөр зогсон агаар мандалд нүүрсний утааг хаядаг байсан. Англичууд утаатайгаа 100-аас дээш жил амьдарсан ч гагцхүү тэднийг CRUNCH EVENT буюу 1952 оны 12 сард болсон “1952 оны их утаат манан” дорвитой арга хэмжээ авах гол түлхэц болсон юм.

 

4 хоногийн турш үргэлжилсэн энэхүү утаат манан нь 4,000 хүний үхлийн шалтгаан болсон ба дараагийн 3 саруудад бүртгэгдсэн 12,000 хүний үхэлд шууд хамааралтай байсан болохыг тухайн үеийн хотын удирдлага болон холбогдох газрууд тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэхүү 1952 оны их утаат манангаас агаарын бохирдлын эсрэг яаралтай арга хэмжээ авах талаар парламент, хэвлэл мэдээлэл, ард түмний зүгээс Засгийн газарт асар их дарамт шахалт үзүүлсэн боловч тийм ч хурдан арга хэмжээ авч чадаагүй юм.

Английн парламент өмнө нь батлахаар бэлдэж байсан Нийгмийн эрүүл мэндийн бичиг баримтыг батлуулхаар зүтгэсэн боловч энэ бичиг баримт нь 6 зүйлтэй ба зөвхөн агаарын бохирдолтой үед хэрхэн арга хэмжээ авах талаар тусгасан байсан ба бохирдлыг бууруулах талаар ямар ч шийдлийг оруулаагүй юм.

Засгийн газрын гишүүд хууль, журам боловсруулж, эрс шийдэмгий арга хэмжээ авахаас хойрго хандаж байсан нь тойргын сонгогчдын саналыг авч чадахгүй байх вий гэсэн айдастай холбоотой байсан юм. Тухайн үеийн парламентийн гишүүн Beever – ийн санаачлагаар Биверийн хороо байгуулагдан агаарын бохирдлын эсрэг судалгаа, шинжилгээ хийхээр болсон ба Лондон хотын хороотой хамтран дараагийн 4 жилийн турш агаарын бохирдлыг бууруулах бодлого зарчмыг боловсруулан 1956 онд 40 зүйлтэй “Цэвэр Агаар” баримт бичгийг парламент баталж, 1959 онд тухайн баталсан баримт бичгийн хэрэгжилт, нөлөөллийг судлах судалгааг орон даяар явуулсан байдаг.

 

Лондон хот өдгөө агаарын бохирдлын асуудал харьцангуй сайжирсан ч авто машинаас гарах утаа буураагүй тул авто машины бүсчилсэн татварыг авдаг болсноор замын түгжрэл, хотын утаа зэргийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа сайн жишээнүүд бий хэмээн ярьсан юм. 

Мөн уулзалт, ярилцлагад Английн амьтны нийгэмлэгийн Монгол дахь төслийн зохицуулагч Натан Конабой, Монголын бэлчээрийн менежментийн холбооны захиргаа, санхүүгийн албаны дарга С.Отгонцэцэг нар оролцож Манай Улсад Их Британи Улсын дэмжлэгтэйгээр байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй “Лондонгийн Зоологийн нийгэмлэгийн төсөл, “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт” төслийн талаар тус тус танилцуулга хийсэн юм. Тус төсөл хөтөлбөрүүд нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтлыг бууруулах, малчдын амьжиргааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм. 

Тус уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа байгууллагууд, Гадаад харилцааны яам, ОХУ-ын элчин сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга ноён Антон Постигов болон бусад төлөөлөлгчид, Чех улсын элчин сайд хатагтай Ивана Гроллова болон бусад төлөөлөгчид, JICA Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, МБОИЗ, ХААИС-ийн эрдэмтэн, багш нар, Минж нутагшуулах үржүүлэх төсөл, Ариг банкны төлөөллүүд оролцож хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

 

 

Эх сурвалж: БОАЖЯ