Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Оросууд Транс-Сибирийн төмөр замыг тавих болсон шалтгаан нь “Хятадын аюул”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Түүхч Алексей Волынецийн бичсэн Транс-Сибирийн төмөр замын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


 

Төр-хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны дүнд 1890 он гэхэд Оросын Европын хэсэг 30,000 орчим километр төмөр замаар холбогдсон байлаа. Харин Уралын нурууны зүүн хэсэг буюу Азийн хэсэгт ганц ч километр төмөр замгүй байсан юм. 1886 онд эзэн хаан Александр III “өөрийн шинэ, баян газар нутагтаа хүрэх талаар юу ч хийхгүй байна” хэмээн засгийн газраа шүүмжилж байв.

Үнэндээ Москвагаас Номхон далайн эрэг хүрэх төмөр зам тавих нь бүтэшгүй мэт харагдаж байлаа. 1851 онд нээгдсэн Санкт Петрбургийг Москватай холбосон 650 км төмөр замыг байгуулах зардал 67 сая рубль байхад Оросын засгийн газрын төсөв 200 сая рубль байсан гэдэг.

Үүнтэй харьцуулбал Москвагаас Владивосток хүрэх зам 330 сая рубль болохоор байсан нь өнөөдрийн ханшаар $7 тэрбум байжээ.

Үүнээс гадна Оросын хөрөнгө Крымийн дайнаас (1853-1856) болоод шавхагдаад байв. Засгийн газрыг айлгаж байсан өөр нэг зүйл бол Сибирийг хөндлөн туулахад хэдэн зуун том, жижиг гүүрнүүдийг барих хэрэгтэй байлаа.

Тиймээс албаныхан Александр III хаанд энэ төслийг боломжгүй хэмээн тайлбарлаж байсан юм.

Гэвч хэдхэн жилийн дараа энэ их зардлыг үл хайхран төмөр зам тавьж эхэлнэ гэж хэн ч таасангүй. 1890 оны долдугаар сард Хятадууд алс дорнодын боомт руу төмөр зам тавьж эхэлсэн тухай мэдээ Оросуудыг цочоожээ.

 

Алслагдсан арал

Дөнгөж 19 дүгээр зууны дундуур Оросын эзэнт гүрэн Манж Чин улстай хэд хэдэн гэрээг байгуулж, Амар мөрөн, Приморийн бүс, Сахалин, Жүүдийн Автономит бүс, Хабаровскийн ихэнх хэсэг зэрэг газар нутгийг өөртөө авахаар болоод байв.

Энэ үед төмөр замын төгсгөл Уралын нуруунд хүрээд зогссон байжээ. Эндээс цааш зөвхөн морин тэргээр Сибирийг гаталдаг байв. Дараа нь Байгаль нуураас Амар мөрөн, Шилка голыг дамжсан усан замаар Владивосток хүрнэ. Өвөл нь гол хөлдөхөд, зун усгүй болоход холбоо харилцаа бүрэн тасардаг байжээ. Ийм замаар зорчиход 11 сарын хугацаа ордог байв.

Үүнээс өөр зам гэвэл далайн зам байсан ба Энэтхэг, Хятад, Солонгос, Японоор дамжиж хүрдэг байлаа. Энэ аялалд 6 сар шаардагддаг байсан бөгөөд Англи, Хятад, Японтой зөрчил үүсэхэд шууд тасардаг байжээ.

Үнэндээ Оросын алс дорнод тэр үед Оросоос тасарсан арал мэт байсан юм.

 

Хятадын аюул

1890 оны зун Алс Дорнодын боомт руу Хятадууд төмөр зам тавьж эхэлсэн тухай мэдээ Санкт Петрбургийн эрх баригчдыг айлгав.

Английн инженерүүдийн тусламжтайгаар Хятадын эрх баригчид Бээжингээс Манжуураар дайран Орос, Хятад, Солонгосын хил дээр оршдог Хунчун хот руу төмөр зам тавьж эхэлжээ. Энэ хот Владивостокоос дөнгөж 100 км зайтай байв.

Тухайн үед Хятад орон 400 сая хүн амтай байсан бол Оросын хилийн бүс нутгуудад дөнгөж 2 сая хүн амьдардаг байлаа. 1890 оны наймдугаар сард Хаант Оросын гадаад хэргийн сайд Николай Гирс Транс-Сибирийн төмөр зам байгуулах нь “чухал ач холбогдолтой” гэж мэдэгджээ.

Санхүүгээс илүү геополитикийн ашгаа бодсон Александр III хаан угсаа залгамжлах ханхүү Николайг өөрийн биеэр Владивосток хүрэх төмөр замын төслийг хариуцахыг даалгав.

Ингээд Транс-Сибирийн төмөр замын ажил 1891 оны тавдугаар сарын 31-нд эхэлжээ.

 

Бүтээн байгуулалт

Төмөр зам, түүнийг байгуулах ажил Алс Дорнодын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэжээ. Төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээс тавхан жилийн дараа Владивостокийн ачаа эргэлт 30 дахин нэмэгдсэн байна.

Уралаас Номхон далай хүртэл төмөр замтай болсноор Владивосток нь тив дамнасан төмөр замын далайд гарах гарц болжээ.

Харин Оросуудыг айлгаж байсан Бээжингээс умрыг чиглэх Хятадын төмөр замын ажил Транс-Сибирийн төмөр замыг байгуулснаас хойш хэдэн арван жилийн дараа дууссан гэдэг.

 

Эх сурвалж: Russia Beyond The Headlines