Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганмаагийн Монголд хийсэн судалгаанаас ОНЦЛОХ 16 ҮР ДҮН

Ч.Болортуяа
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайтын "Өглөөний Хүн" булангийн Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаагийн ярилцлагаас та бүхэндээ түүний Монголд хийсэн судалгаануудаас ОНЦЛОХ 16 ҮР ДҮНГ хүргэж байна. 

Тэрбээр сүүлийн 12 жилийн турш Харвардын стандартын дагуу Монголчуудад зонхилон тохиолддог өвчлөлийн эсрэг Д аминдэмийн судалгааг хийж байгаа юм. 

ОНЦЛОХ 20 ҮР ДҮН:

1. Монголчуудын 99 хувь нь Д аминдэмийн гүн дутагдалтай байна. 

2. Д аминдэмийн хэвийн хэмжээ цусанд хамгийн багадаа 20 ng/ml байх ёстой ч Монгол ээжүүдийнх жишээ нь дунджаар 8 ng/ml байна. Энэ нь харьцангуй дулаан буюу хавар хийсэн шинжилгээ аж. 

3. Хойд өргөрөгийн 48 хэмд байрладаг тул нарны тусгал газрын гадаргууд шууд биш ташуу байдлаар тусдаг тул Монгол хүмүүсийн арьсан дахь Д аминдэмийн нийлэгжилт хангалтгүй байна. 

4. Д аминдэмээр баяжуулсан сүү ууж байсан хүүхдүүд өвлийн цагт амьсгалын замын халдварт өвчин тусах магадлал 50 хувь буурсан сайн үр дүн үзүүлжээ. 

5. Д аминдэмийн хагас задралын хугацаа нь дунджаар 2 долоо хоног байдаг.  Тиймээс томчууд болон багачууд сард нэг удаа өндөр тунгаар Д уух нь хангалтгүй. 

6. Д аминдэмийг өдөр тутамд шаардагдах физиологийн тунгаар байнга хэрэглэх нь хүн эрүүл байх, дархлааны хэвийн үйл ажиллагааг хангах үндэс нь болдог.

7. Арьсны өвчтэй 2-17 насны хүүхдүүдэд өвлийн улирал 1,000 олон улсын нэгжээр Д аминдэм өгөөд судлахад арьс харшлын өвчний идэвхжлийг бууруулаад байх боломжтой юм байна гэдэг бас сайн үр дүн гарчээ.

8. Сүрьеэгийн халдвартай 400 гаруй өвчтөнг судалгаанд хамруулан сүрьеэгийн эсрэг эмчилгээн дээр нь нэмээд Д аминдэм нэмэлтээр өгчээ.  Үр дүнд нь нас баралт буурсан, сүрьеэг эмчилдэг зургаан төрлийн антибиотик өөрөө маш хоруу чанар ихтэй, тэр хоруу чанарыг бaгaсгаж, үрэвслийн явцыг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэх боломж байна гэдэг нь харагдсан байна. Тиймээс ч тэд "Сүрьеэгүй Монгол" томоохон зорилго тавин ажиллаж байна. 

9. Одоо ерөнхий боловсролын сургуулийн 10,000 сурагчдад "Д" аминдэмийн хангалт хийж сүрьеэ, амьсгалын замын бусад халдварт өвчин, өсөлт, хөгжил зэрэг олон зүйлийг харьцуулан судалж байна. 

10. Урьдчилсан дүнгээр  Монголд 100,000 тутамд 1,479 идэвхтэй сүрьеэгийн тохиолдол байна гэсэн үг юм. Нэг ёсондоо сүрьеэгийн тархалт өндөр байдаг Өмнөд Африктай ойролцоо үзүүлэлт гарч байгаа нь сүрьеэгийн тархалт ноцтой хэмжээнд хүрснийг харуулж байна. 

11. Бидний Улаанбаатар хот, зүүн болон баруун бүсийн найман аймагт хийсэн судалгаагаар Монголчууд өдөрт авах илчлэгийн хэмжээгээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд байна. Зарим аймагт дээрх хэмжээ хэт өндөр байна.

12. Харин нөгөө талд бидний биед зайлшгүй шаардлагатай бичил шим тэжээл буюу аминдэм, эрдэс бодисын хэмжээ маш хангалтгүй хэмжээнд байна. Бичил элемент нь хүний биеийн болон оюуны эрүүл амьдрахад шаардлагатай бичил шим тэжээлт бодисууд юм. Үүнд бидний сайн мэддэг Д аминдэм, B-ийн төрлийн аминдэмүүд, иод, эрдэс бодис орно. 

13. Биднийг гаднаас нь харахад таргалалттай, хоол хүнс нь хангалттай юм шиг харагдаж байгаа ч дотроо бичил тэжээлийн өлсгөлөн эсийн түвшинд явагдаад байна.

14. Хот, хөдөөгийн иргэдийн Д аминдэмийн хэмжээг лабораторидоо шинжилж үзэхэд цусанд байх ёстой хэмжээнээс 2-3 дахин бага, 99 хувь нь буюу бараг толгой дараалан Д аминдэмийн дутагдалтай байна.

15. Үүнтэй мөн ижил ургийн гаж хөгжлийн гол эрсдэлт хүчин зүйл болох фолийн хүчлийн хэрэглээ хот, хөдөөгийн иргэдэд байх ёстой хэмжээнээс хоёр дахин бага байх жишээтэй. 

16. Зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн дутагдал нь Монголын хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэг болсныг oлон улсын бие даасан байгууллагуудын судалгаагаар нотолжээ. 

 

Уншигч та бүхэн ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж унших боломжтой. 

Холбогдох утасны дугаарууд: 76008600; 99225090; 94707696 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.