Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбулд болсон халдлагад Монгол иргэн өртөөгүй болохыг ЕКГ-аас мэдэгдлээ

ikon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Турк улсын Истанбул хотын Бэшикташ дүүрэгт байрлах Reina нэртэй шөнийн цэнгээний газарт 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01:15 цаг орчимд галт зэвсэг бүхий гэмт этгээд дайран орж, дотор байсан иргэд рүү гал нээн 69 хүнийг шархдуулж, 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарлаа.

Турк улсын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр одоогоор нас барсан 21 хүний мэдээллийг тодорхой болгосон бөгөөд эдгээр иргэний 16 нь гадаадын иргэн, тав нь турк улсын иргэн байжээ. Үлдсэн 18 хүний мэдээллийг тодорхой болгохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна. Хэрэг гарах үед дээрх цэнгээний газарт ойролцоогоор 700-800 орчим хүн байсан нь тогтоогдоод байна.

Уг халдлагад Монгол иргэн өртсөн талаар мэдээлэл байхгүй болохыг Истанбул дахь Ерөнхий Консулын Газраас /ЕКГ/ мэдэгдсэн бөгөөд халдлагад өртсөн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

Турк улсад манай улсын нийт 4,000 орчим иргэн оршин сууж байгаагаас Истанбул хотод 3,500 гаруй иргэн ажиллаж, амьдарч байна.

Сүүлийн үед тус хотод ойрхон давтамжтай хэд хэдэн удаагийн халдлага гарсан тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад Харилцааны Яамны Консулын газраас анхааруулж байна.

 

Эх сурвалж: ГХЯ