Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд “Тусгаар тогтнол ба гадаад бодлого” сэдвээр хуралдав

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 12 сарын 26
Монголын мэдээ
Зураг зураг

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнол ба гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн баасан гарагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Энэхүү хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан юм. Хурлыг нээж, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэхдээ “Орчин үед дэлхий нийтээр даяаршиж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи хөгжиж, улс орнуудын харилцан хамаарал ихээхэн гүнзгийрэх боллоо.

Монгол Улсын гадаад бодлого нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бичиг баримтад тулгуурлан дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай байж, улс төр эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад чиглэж байна.

Үүний дотор бид Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангахыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг хүн төрөлхтөнд заналхийлэх аюулын эрсдэл, сорилтын хүрээ нэмэгдсээр байна.

Тиймээс Монгол Улс төрийн алтан аргамж буюу олон зуун жилийн түүхэн уламжлал бүхий дипломат албаныхаа үүрэг гүйцэтгэх чадварыг цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгараад байна.

Үүний тулд бид Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийж, гадаад бодлогоо төгөлдөржүүлэх хэрэгтэй. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн санаа бодол, зөвлөмж ихээхэн ач холбогдолтой” гэв. Тус хурлын үеэр эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тухайлбал,  “Монгол Улсын тусгаар тогтнол ба ХХ зууны эхэн үеийн олон улс болон бүс нутгийн нөхцөл байдал” илтгэлийг МУИС-ийн багш, доктор Г.Төмөрчулуун, “Богд хаант Монгол Улсын дотоод улс төр, нийгэм, эдийн засгийн байдал” илтгэлийг доктор О.Батсайхан, “Богд хаант Монгол Улсаас тусгаар тогтнолоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа” илтгэлийг доктор Т.Төмөрхүлэг тавьсан.

Мөн “ХХI зууны эхэн үеийн Монгол Улсын орчин, нөхцөл байдал” илтгэлийг Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганбат тавьж, илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүнчлэн хурлын үеэр тавьсан илтгэлүүдэд сонирхолтой тоо, баримт дурдагдаж байсныг эрдэмтэд онцоллоо. Энэ үеэр хуралд оролцсон эрдэмтэн болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

Л.Пүрэвсүрэн: Монголын төр хэзээ ч Далай ламыг урьж байгаагүй

 
Гэрэл зургийг mpa.mn

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх/

-Саахалт хүний санаа нэг, айл хүний амь нэг гэдэг шиг бид хөрштэйгөө найрсаг амьдрах ёстой. Ямар ч улс орон хөрштэйгөө найрсаг харилцаатай тогтоон нийгэм, эдийн засгийн байдлаа хөгжүүлэхийг зорьдог. Тиймээс бид эндээс нүүгээд явчихгүй учраас Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилго нь хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаатай байх явдал юм.

Яах вэ, Далай ламын айлчлал болсон. Монгол Улсын төрийн байр суурь маш тодорхой. Монголын төр хэзээ ч далай ламыг урьж байгаагүй. Бид нөгөө талаас ардчилсан улс. Шашны байгууллага өөрийнхөө шугамаар сүсэгтэн олныхоо хүсэлтээр Далай ламыг урьдаг. Одоогийн байдлаар дэлхий дээр ганцхан Далай ламыг шашныхаа тэргүүн гэж үздэг тусгаар үндэстэн нь Монгол орон байх шиг байна.

Тийм учраас Далай ламын айлчлал нэлээд онцлог байдаг. Өмнө нь найман удаа ирж байсан. Тухайн үед ч тийм асуудал гарч байсан. Гадаад харилцааны сайдын хийсэн мэдэгдлийн талаар надад ойлголт алга. Өөрөө мэдэгдлийнхээ талаар тайлбар хийх байх. Би хөрш оронтойгоо эвсэг харилцаатай байх ёстой гэдэг үүднээс Гадаад харилцааны сайд мэдэгдлээ хийсэн байх гэж бодож байна.

Я.Ариунболд: Гадаадад төрсөн монгол иргэдээ бүртгэх тухай асуудал

 

/ГХЯ-ны Консулын газрын захирал/

-Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн есдүгээр сард гадаад суугаа монголчуудад зориулан давхар харьяаллын асуудлаар хурал зохион байгуулсан. Тэр хурлын үеэр бид нэг зарчмыг дэвшүүлсэн юм. Энэ нь Монгол Улсын харьяатын тухай хуулиар Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхэд дэлхийн хаана ч байсан Монгол Улсын иргэн байна гэсэн зарчим юм.

Манай улсын Бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор бүртгэнэ гэсэн хуулийн заалттай. Мөн Үндсэн хуульд Монгол Улс иргэнээ хасахгүй гэж заасан байдаг. Манай улсын иргэд 1992 оноос гадаадад суурьших болсон. Үүнтэй холбогдуулан бид судалгаа хийж үзэхэд гадаадад 140  гаруй мянган иргэн амьдарч байна.

Мөн гадаадад монгол аав, ээжтэй 2,181 хүүхэд төрсөн. Эдгээр хүүхдүүд Монгол Улсын харьяалалтай байх ёстой. Энэ хүүхдүүд бол өөрөө төрөх орноо сонгож төрөөгүй. Аав, ээжийнхээ амьдарч байгаа газраас шалтгаалаад иргэншил нь тогтоогдсон.

Гадаадад  амьдарч, сурч байгаа Монгол Улсын иргэн давхар нэг үүрэг хүлээж байдаг. Аливаа улсын нутаг дэвсгэрт байгаа бол тухайн улсынхаа хуулийг хүндэтгэх ёстой болдог. Мөн харилцан адил байх зарчмын дагуу гадаадын иргэн манай улсад ирсэн бол Монгол Улсын хуулийг хүндэтгэх ёстой.

Тэгэхээр манай улсын иргэд оршин суух улсдаа ажиллах, сурах гэх мэтчилэн статусын дагуу бүртгүүлдэг. Мөн дөнгөж төрсөн хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхийн тулд тухайн улсынхаа хуулиар иргэн нь болдог. Тэгэхээр өөр улсад төрсөн гээд Монгол Улсын иргэнээр бүртгэхгүй гэх нь болохгүй байна гэдэг асуудлыг хэлэлцэж байна.

Давхар иргэншилтэй холбоотой зарим хүмүүсийн ярьж байгаа зүйлийг мэдэхгүй. Иргэдийн дунд гадаадын иргэд давхар манай улсын иргэншил авна гэх яриа гарсан. Энэ талаар бид мэдэхгүй.

Зураг