Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхжаргал: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дангаараа хохирогчийг хамгаалж чадахгүй​

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргалтай ярилцлаа. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдлаа. Ажлын хэсэгт ажилласаны хувьд зорилгоо биелүүлсэн болов уу? 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сүүлийн таван жилийн турш гар тавихгүй олон салбарын олон мэргэжилтнүүд хамтран боловсруулж ирлээ. Энэ хууль гурван Засгийн газар дамжиж, хоёр дахь удаагаа батлагдаж байна

Мэдээж бүх асуудлыг нэг дор шийдсэн төгс хууль гаргана гэдэг хэцүү. Анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж байсан. Түүнээс хойших 12 жилийн хугацаанд ямар саад, бэрхшээл тулгарч, ямар цоорхой байсныг судалж, хэрхэн шийдэж болох саналыг ТББ, хуулийн байгууллагын ажилтнууд гаргасан. Эдгээр саналыг шинэ хуульд тусгасан.

Тиймээс энэ хуулийг гаднаас бэлэн хуулбарласан хууль гэж үзэх аргагүй юм. Яагаад гэвэл бодит амьдралаас урган гарсан, өмнөх хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан бэрхшээлийг шийдэхийн тулд гаргаж ирсэн хууль юм. 

- Шинэ хуулийн хамгийн гол өөрчлөлт нь юу вэ? 

- Өмнөх хуулиас ялгаатай гол өөрчлөлтүүд нь юу гэхээр хуулийн хамрах хүрээг өргөтгөсөн. Өмнө нь хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн нэг хэсэг нь хуулийн гадна үлддэг байсан. Зөвхөн эхнэр, нөхөр ч юм уу нэг гэрт хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрхийн хамгаалалтыг тусгаж байсныг өргөтгөсөн.

Тухайлбал, гэр бүл болоогүй хэр нь хамтарч амьдарч байгаад дундаасаа хүүхэдтэй болоод салсан хүмүүс байдаг. Салсан хойноо хүүхдийнхээ тэтгэмжийг авах гэхээр зоддог. Эсвэл хөдөө туслах малчнаар айлын гэрт амьдардаг хүүхдүүд байдаг.  Тийм хүмүүс хүчирхийлэлд өртдөг ч өмнөх хуульд тэдгээр хүмүүсийг хамгаалах зохицуулалт байдаггүй байсныг шинэ хуульд тусгасан. 

Мөн өөр нэг томоохон өөрчлөлт юу гэхээр гэр бүлийн хүчирхийлэл дандаа цоожтой хаалганы цаана болж байдаг. Ил гаргая гэхээр хувь хүний нэр төр, нууцтай холбоотой. Тэгэхээр энэ асуудлыг хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хойно нь биш эрт шатанд нь илрүүлэх сувгуудыг олон төрөл болгож өгч байгаа. 

Мэдээлэл өгсөн хүний нууцлалын нэлээн чухал авч үзэн, хамгаалалтын заалтууд оруулж өгсөн

Хэрвээ хүүхэд хүчирхийлэлд өртөх юм бол түүнийг мэдсэн хувь хүн, байгууллага хэн ч байсан заавал мэдээлэх үүрэгтэй. Харин насанд хүрсэн хүн хүчирхийлэлд өртөж байна гэж үзэх юм бол иргэн, байгууллага мэдээлэх эрхтэй. Өмнө нь байгууллага мэдээллэнэ гэж байгаагүй. 

Түүнээс гадна мэдээлэл өгсөн хүний нууцлалын асуудлыг нэлээн чухал авч үзэн, хамгаалалтын заалтууд оруулж өгсөн. Өмнөх 2004 оны хуульд хохирогч тийм, тийм эрхтэй гээд жагсаагаад биччихдэг байсан бол сая батлагдсан хуульд хохирочийн эрхийг хамгаалах аргуудыг зааж өгсөн. Хохирогч өөрийн аюулгүй байдлыг хангуулахын тулд ямар арга хэрэгслээр, хэнд хандах вэ гэдгийг зааж өгсөн байгаа. 

Гэхдээ энэ хууль анх боловруулагдаж, батлагдахдаа багц хууль, цогц зохицуулалт гэсэн концевцоор явж байсан. Тэгэхээр хамгийн суурь хууль болж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдлаа. Энэ хууль бол урьдчилсан сэргийлэх, илүү үйлчилгээ үзүүлэх, байгууллагуудын хооронд салбар дундын зохицуулалтыг хангахад гол үүрэг гүйцэтгэж байгаа. 

-Сая батлагдсан хууль өмнөх парламентийн үед батлагдсан ч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар буцаагдсан хуулиас юугаараа ялгаатай юм бэ. Нэмэгдсэн, хасагдсан зүйл заалт байгаа юу? 

-Ажлын хэсэг өмнө нь буцаагдсан хуулиас аль болох дордсон өөрчлөлт оруулахгүйн төлөө зүтгэсэн. Хэрвээ өөрчлөлт орох юм бол дээрдсэн л өөрчлөлт орох ёстой гэсэн байр суурин дээр байсан. Орсон өөрчлөлтүүд нь мэдээж дээрдэж орсон.

Гэхдээ нэг л зүйл дордчихлоо. Тэр нь юу гэхээр хүн ам, гэр бүлийн хүчирхийллийн гаралтыг харгалзаад цагдаагийн байгууллага тусгай нэгж байгуулна гэсэн байсныг “Тусгай нэгж байж болно” гэж бүрхэг байдлаар оруулсан.

Энэ ухралтын шинжтэй өөрчлөлт болчихлоо. Одоо бол гэр бүлийн хүчирхийллийн тусгай нэгж ажиллаж байгаа шүү дээ. Гэр бүлийн хүчирхийллийн тусгай нэгж байснаараа энэ төрлийн хүчирхийлэл мэдээлэгдэх явдал өргөн байгаа. Мөн баривчлагдсан хүмүүсийн статистик илүү тодорхой болж ирж байгаа. 

Цагдаагийн ажилтнуудын гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага өөр болж ирж байгаа. Их олон өөрчлөлт давуу талууд гарч ирж байгаа. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг анх цогц байдлаар оруулж ирсэн шүү дээ. Бусад хууль нь хэрэгжиж эхлээгүй байхад энэ хууль дангаараа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж чадах уу? 

-Энэ хуулийг анх багц хууль цогц концевц гэсэн байдлаар боловсруулсан. Яагаад ингэж боловсруулсан гэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль дангаараа хохирогчийг хамгаалж чадахгүй. 2004 оны хууль батлагдаад мэдээж их олон өөрчлөлт, ахиц гарсан. 

Гэхдээ нэг л зүйл дээр буюу хохирогчийг хамгаалах тал дээр дутуу байсан. Хэрвээ тэр хууль хохирогчийг хамгаалж чадахгүй бол үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг. Яагаад хохирогчийг хамгаалж чадахгүй байна гэхээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны хуулиудад хохирогчийг хамгаалах онцлог заалтыг суулгаж өгөхгүй юм бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дангаар нь бариад энэ асуудлыг шийдэх боломжгүй юм. 

Процесын хуулиудад хохирогчийг хамгаалах асуудлыг суулгаагүй байгаа цагт ахиад л 2004 оны хуулийн хэрэгжилтийн байдал руу хальтрах магадлал байгаа. Гэхдээ өмнө нь буцаагдсан хуулиудыг батлагдах хүртэл одоогийн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Захиргаан хариуцлагын тухай хуулиуд дээр хохирогчийг хамгаалх зохицуулалт, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцуулах асуудлыг оруулж баталсан. 

-Тэгэхээр хамт хэрэгжих ёстой хуулиудыг батлагдах хүртэл түр зуурын зохицуулалт хийж байна гэж ойлгож болох уу? 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бүрэн утгаараа хэрэгжих арай болоогүй байна гэсэн үг. Эрүүгийн эрх зүйн цогц шинэчлэлийн үүднээс авч үзвэл 20 хувь нь л бүрдэж байна. 

-Зайлшгүй батлах шаардлагатай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг хэзээ өргөн барих вэ? 

-Хуулиудын ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн сураг дуулсан. Тэгэхээр өмнө нь батлагдсан ч буцаагдсан хуулиудад тусгагдсан заалтуудад хамгаалах нөлөөллийн ажлууд эхлэх байх. 

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст хүлээлгэх хариуцлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Хуулийг хэлэлцэх явцад янз бүрийн шүүмжлэл гарч байсан. Бүгдийг нь шууд шорон руу ачих хууль байна гэсэн яриа ч гарч байсан. 
Хуулийн төсөл дээр тэгж заагаагүй. Хариуцлагын асуудлыг гурван түвшинд шат дараалсан, ялгамжтай байхаар оруулж ирсэн.

Эхнийх нь хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлтэй байвал эсвэл амь нас, эрүүл мэндэд нь халдаагүй ч ямар нэг хэмжээгээр хүчирхийлдэг бол үйлчилгээ үзүүлнэ гэж заасан. Энэ үйлчилгээнд сэтгэл зүйн, нийгмийн ажлын, хүүхэд хамгааллын, хуулийнх гэсэн найман төрлийн үйлчилгээ байгаа. 

Дараагийнх нь хэргийн нөхцөл байдал арай хүндэрч, зөрчлийн хэмжээнд очсон бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчлах арга хэмжээ авна. 

Сүүлийнх нь амь нас, эрүүл мэндэд нь заналхийлж байгаа бол гэмт хэрэг гэж үзнэ. Хариуцлагын асуудал ийм гурван шатлалтай орж ирж байгаа.