Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүү буурлаа. Мөнгөний бодлого цаашид яах вэ?

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бодлогын хүүгийн талаар

Эдийн засгийн сурах бичигт зааснаар бол Төв банкны бодлогын хүү нь банк хоорондын захын хүү, засгийн газрын үнэт цаас, компнаиудын бонд, хувьцааны үнэ, арилжааны банкны хадгаламж, зээлийн хүү гээд санхүүгийн зах зээлөргөн цар хүрээгээр нөлөөлдөг анхны хөтөч хүү болдог байна.

Бодлогын хүү нь санхүүгийн зах зээл дээрх хүү, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн үнэд нөлөөлснөөр цаашлаад бодит эдийн засгийн идэвхжилд ч тодорхой нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой хэрэгсэл юм. Иймд дэлхийн Төв банкуудын хувьд бодлогын хүү нь инфляцийг удирдах, үнийн түвшнийг зорилтот хэмжээнд байлгахад ашигладаг гол хэрэгсэл болдог байна.

Хөгжсөн орнуудад бодлогын хүү гэдэг нь санхүүгийн байгууллагууд Төв банкинд 1 өдөр мөнгөө хадгалуулах хадгаламжийн хүү (овернайт хүү) байх нь түгээмэл. Харин Монголын хувьд эдийн засгийн хэмжээ, идэвхжил, санхүүгийн зах зээлийн хөгжил зэргээс шалтгаалад арай өөр онцлогтой. Монголбанк анх 2007 оны 7 дугаар сард “бодлогын хүү” гэх ойлголтыг нэвтрүүлсэн байдаг. Ингэхдээ бодлогын хүүгээ 7 хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаасны хүүгээр тогтоожээ.

Монголбанк бодлогын хүүгээ 2016.12.19-нд буулгав

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 12-р сарын хурлаараа бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 14 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Тус мэдэгдэлд дурьдсанаар инфляци ирэх онд зорилтот түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөвтэй байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг сулруулах орон зайг бий болгосон гэжээ.

Түүнчлэн, гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч, валютын дотогшлох урсгал болон төсвийн орлого нэмэгдэх хүлээлттэй бөгөөд ирэх жилүүдэд төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байгаа тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторыг дэмжих зорилгоор Монголбанк ийнхүү бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргалаа гэж мэдэгдсэн байна. 

Төв банк 8-р сараас хойш хатуу бодлого баримталж байсан ч, бодлогын хүүг ийнхүү бууруулах боломж гарсан шалтгаануудыг нэрлэвэл: 

  • Инфляци нам дор түвшинд хадгалагдахаар хүлээгдэж буй

Монголбанкны хувьд 9 дүгээр сард инфляцийн түвшин энэ онд 0-1 хувьд хэлбэлзэнэ гэж төсөөлж байсан.Сүүлийн саруудад мах, хүнсний ногооны үнэ хурдацтай буурч, дефляци үүсээд байгаа. Хэдийгээр улсын хэмжээнд 11-р сараас инфляци эргээд эерэг утгатай болсон ч, үнийн түвшин цаашид ч нам түвшинд хадгалагдаж, зорилтот түвшнээс доогуур байхаар байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг сулруулах орон зайг нэмэгдүүлсэн гэж үзэж болох юм.

  • Экспортын бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт

Уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай манай эдийн засгийн хувьд сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ өсч эхэлсэн нь нэлээд таатай боломжийг бүрдүүлж буй. Экспортын түүхий эдийн үнэ өсч, гадаад худалдааны нөхцөл сайжирч эхэлсэн нь ханш сулрах дарамтыг бууруулж, бодлогын хүү буурах нөхцөлийг бүрдүүлж гэж дүгнэхээр байна.

Хэдийгээр дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнэтэй харьцуулахад манай экспортын нүүрсний үнэ хэд дахин бага үнэтэй зарагддаг боловч Засгийн газрын зүгээс нүүрсний үнэд “нэг цонх”-ны бодлогыг баримталж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Энэ ч утгаараа нүүрс олборлогч компаниудад таатай байдал үүсэх дүр зураг харагдаж буй.

  • Алт тушаалт ба валютын нөөц

Төв банк 8-р сард бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлж 15% болгосон үндэслэлээ тайлбарлахдаа валютын зах дээр гарсан огцом савалгааны эсрэг хийсэн үйлдэл гэж байсан. Валютын ханш өсөх дарамтыг бууруулах нэг суваг нь Монголбанкны гадаад валютын албан нөөц нэмэгдэх явдал юм.

Тэгвэл Монголбанкинд тушаагдсан алт энэ оны 11 дүгээр сарын байдлаар 17.6 тонн буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэдэг мэдээллийг Төв банкнаас хийсэн. Энэ нь ойролцоогоор 600 гаруй сая ам.доллартай тэнцэх бөгөөд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гэж харагдахаар байна.

Төв банк саяхан цаашид дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондонгийн металлын зах зээлд зарлагдсан үнээр тогтоохоор болсноо зарласан. Энэ нь алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж, иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхээр байгаа. Үүнийн үр дүнд алт тушаалт өсч, гадаад валютын албан нөөцөд эерэгээр нөлөөлөх хүлээлт үүсээд буй. 

  • Төсөв дээр гарсан эерэг өөрчлөлтүүд

Төсөв тал дээр нэлээд эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн нь бодлогын хүү буурах нэг хүчин зүйл болсон гэж үзэж болохоор байна. Хэдийгээр энэ оны төсвийн алдагдал 19.9 хувьд хүрэх тооцоололтой байгаа боловч ирэх онуудад энэ алдагдлаа бууруулж, 2018-2019 онд 4%-д хүргэнэ гэж Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан. Төсвийн сахилга бат сайжирч, сангийн бодлого зөв чиглэл рүү орж эхэлж байгаа тул Монголбанкны зүгээс бодит сектороо дэмжих зорилгоор ийнхүү бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний бодлогын төлөвөө зөөлрүүлэх орон зайг үүсгэсэн байж болох юм.

Ямартаа ч, эдийн засгийн өсөлт эхний 3 улирлын байдлаар 1.6 хувиар агшиж, идэвхжил хумигдаж буй өнөөгийн нөхцөлд бодлогын хүү буурсан нь цагаа олсон шийдвэр гэж эдийн засагчид үзэж байна.

Дэлхийн эдийн засагт гарах эерэг өөрчлөлтүүд, төсвийн сахилга бат хадгалагдах, олон улсын байгууллагуудтай хийж буй гэрээ хэлэлцээрийн үр дүнгээс хамаараад бодлогын хүү цаашид ч үргэлжлэн буурах боломжтой гэдэг эерэг дохиог Монголбанк өглөө.