Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

АШИГ ХҮРТЭГЧ ЭЗДИЙН мэдээллийг ил тод болгоно

Г.Од
2016 оны 12 сарын 22
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монгол улс 2006 онд нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ стандарт 2016 онд шинэчлэгдсэнээр хэрэгжүүлэгч улс орнууд 2020 он гэхэд “Ашиг хүртээгч эзэд”-ийн мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээжээ. Энэ үүргийн дагуу манай улс ОҮИТБС-ын хүрээнд Ажлын хэсэг байгуулан эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах чиглэлээр 2020 он хүртэл авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө буюу Замын зургийг боловсруулсан байна.

Замын зургийн эхний ажил бол “Ашиг хүртэгч эзэн”-ий тодорхойлолт, хамрах хүрээ, ямар мэдээллийг цуглуулж ил тод болгох асуудлаар дотооддоо зөвшилцөж нэгдсэн ойлголттой болох шаардлага тулгараад буй. 

Үүнтэй холбогдуулан, “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэх компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох нь” хэлэлцүүлэг өнөөдөр Blue Sky зочид буудалд болж байна. Энэхүү цуврал хэлэлцүүлгийн энэ удаагийн арга хэмжээг ОҮИТБС, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээнд “Бороо голд”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудын мэргэжилтнүүд оролцож байна. Төрийн байгууллагуудын тухайд Авлигатай тэмцэх газар, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. 

Нээлттэй нийгэм форум нь  ОҮИТБС-ын шинэ стандартын хэрэгжилтийг дэмжих үүднээс олборлох үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас ашиг хүртэгч “жинхэнэ” эздийн мэдээллийн ил тод байдлыг хангах арга замыг тодорхойлж, бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэх компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох нь” судалгааг санаачлан хийжээ. Уг судалгааг удирдан явуулсан судлаач, эдийн засагч Ч.Отгочулуу судалгааны үр дүнг хэлэлцүүлгээр танилцуулсан юм.

Судлаач, эдийн засагч Ч.Отгочулуу ”Мэдээж шударгаар бизнес эрхэлж байгаа компанийн эзэд ОҮИТБС-ыг дэмждэг. Тэд шударга бус байдалд эмзэглэдэг. Эрх мэдэлтэй, мэдээлэлд илүү ойр хүмүүс төрийн өмнөөс танил талынхаа компанийг дэмжих зорилгоор гэрээ хэлэлцээр хийдэг, тусгай зөвшөөрөл өгдөг тал бий.  Энэ нь их буруу юм. Гэтэл олон жил өөрийн хүч хөдөлмөрөөр бизнес эрхэлсэн хүмүүс зах зээлээс шахагдах, гэрээ хэлэлцээр байгуулж, лиценз авч чадахгүй тохиолдол цөөнгүй. Ийм нөхцөл байдалд авлига, хээл хахууль газар авдаг. 

Олон улсын туршлагаас харж байхад ашиг хүртэгч эздийн ил тод болгох санаачилгад компаниуд өөрсдийн сайн дурын үндсэн дээр хийдэг. Сингапур, Чили, Норвегид компаниуд нь хариуцлагатай, ил тод байдлыг хангаж ажилладаг. Ил тод байдалтай, компаниуд нь ёс суртахуунтай, ухамсар өндөртэй газар хөрөнгө оруулалтын урсгал их байдаг юм. Ил тод бус, авлигатай, зөвхөн эрх мэдэлд ойр хүмүүс бизнес эрхэлдэг газар бол хөрөнгө оруулагчдын хувьд маш их эрсдэлтэй гэж үздэг. 

Бид юуны түрүүнд мэдээллийн нэгдсэн сантай болох хэрэгтэй. Татвар Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Гаалийн Ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, орон нутаг, бүртгэлийн газрууд бүгд тус тусдаа мэдээллээ авдаг. Тэр бүх тусдаа мэдээллүүдийг нэгтгэсэн сан бий болгох шаардлагатай байгаа юм. Энэ тогтолцоог шат шатаар бүрдүүлэхийн тулд төр, иргэний нийгэм, компанийн зүгээс ямар ажлууд хийх талаар үе шаттай төлөвлөгөө хэрэгтэй. Эдгээр нь өнөөдрийн “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэх компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох нь” хэлэлцүүлгийн гол зорилго байгаа юм. 

Судалгааны хувьд өргөн утгаараа 1,400 орчим компанийн мэдээлэлтэй ажилласан. Мэдээлэл маань 300 орчим компаниар хязгаарлагдах болов уу. Хамрагдсан аж ахуйн нэгжүүд маань ашиг хүртэгч эздийг хэрхэн тодорхойлж байгааг судлахыг зорилоо. Судалгаанд хамрагдсан нийт компаниудын 30% нь мэдээллээ тайлагнасан байгаа” гэж ярьсан юм. 

Зураг