Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гадны банкинд үүдээ нээх асуудлыг хэлэлцэж эхэллээ

А.Алиман
2016 оны 12 сарын 22
MorninigNews.mn
 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар Хятадын “Bank of China”, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, “Standart Chartered”, ING, Японы “Токио Мицубиши” болон “Сумитомо Мицуй” банкны төлөөлөгчийн газар ажиллаж буй. Эдгээрээс сонголт хийх боломж байгаа ч өнөөдрийг хүртэл “Монголд гадны банк хэрэгтэй” гэдэг яриа нь үндсэндээ урд хөршийн “Bank of China” банкны тухай яриа байсаар ирсэн юм-

Монгол Улсын Засгийн газар хоёр хөрш болон холын зарим нэг хөршөөс хөрөнгө оруулалтын зээл хүссээр байгаа ч өнөөдрийн байдлаар хэн нь ч алга тэнийлгэсэнгүй.

Эдийн засагт үлэмжийн нөлөөтэй явж ирсэн данхар том төсөв маань тасалдаж, төсвөөс хамааралтай бүхий л байгууллага, бизнесүүд санхүүгийн цохилтод орж, нэг үгээр бол нийтээрээ бүсээ чангалж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг нээх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүдийн саналыг төсөлд тусгах даалгаврыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт өгсөн байна.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэж Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурджээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

Гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй, зах зээл дээрх өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгасан гэжээ. Хамгийн гол нь “хадгаламж татахгүй” гэсэн нөхцөлийг тусгасан талаар мэдээлсэн байна.

Монголд аль банк салбараа нээх вэ?

Монгол Улсад өнөөдрийн байдлаар Хятадын “Bank of China”, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, “Standart Chartered”, ING, Японы “Токио Мицубиши” болон “Сумитомо Мицуй” банкны төлөөлөгчийн газар ажиллаж буй. Эдгээрээс сонголт хийх боломж байгаа ч өнөөдрийг хүртэл “Монголд гадны банк хэрэгтэй" гэдэг яриа ньүндсэндээ урд хөршийн “Bank of China” банкны тухай яриа байсаар ирсэн юм.

Дээрх нэр бүхий банкуудын Монгол дахь төлөөлөгчийн газар нь банкны салбарт ямар үүрэг, оролцоотой явж ирснийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Тэгвэл зөвхөн Европын Сэргээн босголтын банк гэхэд 2010- 2016 оны хооронд Төлөөлөгчийн газраараа дамжуулан Монголд нийт 83 төсөл болон компаниудад 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ хэмжээний зээлийн нөхцөл нь юу байсан, хүү нь хэд байсан, санхүүжилт авсан төсөл, хөтөлбөрийн үр өгөөж нь ямар болох талаар олон нийт сонирхож байгаагүй бололтой.

Харин Монголд салбараа нээх хамгийн өндөр магадлалтай банк гэж олон нийт харж, хардаж байгаа “Bank of China” нь дэлхийн топ таван банкны тоонд багтдаг, нийт 2.6 их наяд ам.долларын актив хөрөнгөтэй, БНХАУ-ын төрийн өмчит банк юм. Тус банкны нийт активын хэмжээ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 217 дахин их гэсэн үг.

Гадны банкны салбар нээгдсэнээр зээлийн хүү буурах уу?

Засгийн газрын боловсруулсан төслөөр бол “гадаадын хөрөнгө оруулалттай банк”-ны салбарыг зөвшөөрөх бололтой. Тэгвэл Монголд өнөөдөр ч гадаадын хөрөнгө оруулалттай банкууд ажилладаг бөгөөд тэд хүмүүсийн хүсээд байгаа шиг бага хүүтэй зээл олгохгүй байгаа нь бодит зүйл юм.

Гадаадын 63.7 хувийн хөрөнгө оруулалттай ХМН банк, 77.9 хувийн хөрөнгө оруулалттай ХАС банкны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхаас байнга өндөр байж иржээ.

Ер нь гадаадын банкны салбар гэдэгт “салбар", “төлөөлөгчийн газар", “охин компани” гэсэн ялгаатай ойлголтууд байдаг. Төлөөлөгчийн газар нь толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүйгээр тодорхой судалгааны шинжтэй, төв рүүгээ мэдээлэл хүргүүлдэг ажлуудыг эрхэлдэг.

Салбар банк нь дүрмийн санг Монголд тусгаарлахгүйгээр гадаадад байгаа банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөцөөр өрсөлддөг, Монголын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж бүртгэгдээгүй, өөрийн орныхоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хамгийн осолтой хэлбэр гэж үздэг.    

Гадаадын банкны охин компани хэлбэрээр орж ирэх нь тухайн улсын хуулийн дагуу үүсэн байгуулагдаж, дүрмийн сангаа тусгаарлаж, ижил юм уу ойролцоо нөхцөлөөр шударгаар өрсөлддөг, бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагддаг хэлбэр юм байна. Монголд энэ аргаар байгуулагдсан 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай Чингис хаан, Кредит гээд банкууд бий учраас харьцангуй танил хэлбэр.

Энд онцлоход ганц банк ч биш, бүх бизнес ерөөсөө ашиг олж болох, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ шинэ зах зээл хайж л ордог. Энэ утгаараа зээлийн хүүг банк тогтоодоггүй, зах зээлийнхээ зарчмаар тогтдог зүйл. Үүнд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг юм. Тухайлбал, зээлийн хүүнд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл юм. Мэдээж өөр бусад тодорхой, гэхдээ тун цөөхөн хүчин зүйлс хүүг тогтооход нөлөөлдөг.

Гадаадын банкууд ч ийм л зарчмаар зээлийн хүүгээ тогтоодог учраас нийт эдийн засгийн эрсдэл буураагүй, эдийн засгийн дархлаа тогтож амжаагүй байгаа үед гадаадын ямар ч банкийг оруулж ирэхээс үл хамаараад дотоодын санхүүгийн зах зээлд зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах нөхцөл бүрдээгүй, боломж ч хязгаарлагдмал гэж банкирууд үздэг. 

Гадны ч бай, дотоодын ч бай банкуудын давуу эрх

Засгийн газрын боловсруулсан төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны үйл ажиллагааны “санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах” зэрэг харилцааг зохицуулна гэж байгаа ч энэ чухам ямар байдлаар шийдэгдэх нь тун анхаарал татах зүйл юм.

Өнөөдрийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй бүхий л арилжааны банкууд холбогдох хуулиар бол ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах бүрэн боломжтой болно.

Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд дуудлага худалдаагаар аль нэг этгээд барьцааны зүйлийг худалдан аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөртөө тооцон авч, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх байдлаар шийдвэрлэдэг хуультай.

Өнөөдрийг хүртэл газар, лиценз зэрэг эмзэг, эдийн засгийн суурь хөрөнгийг эзэмшиж байгаа үндэсний компаниудаа төлөвшиж, томорч амжаагүй байхад нь гадаадын барьцаалах эрхтэй банкийг оруулах нь зев эсэх эргэлзээтэй. Нэг үгээр бол их хэмжээний зээл авсан томоохон төсөл, бизнесүүдийн барьцаа хөрөнгө дээрх байдлаар гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шилжих хууль зүйн бүрэн боломжтой байгаа.

Түүнчлэн гадны банк Монголд хөл тавихад зайлшгүй анхаарах ёстой нэг асуудал нь зээлдэгч хуулийн этгээдийн зээлийн мэдээлэл, лавлагааг авах бүрэн эрх юм. Мэдээж эдийн засгийн агуулгаараа эерэг, сөрөг талын аль аль нь дагалдаж таарна. Эрх баригчид энэ бүхнийг бодож тооцоолж байж эцсийн шийдлийг гаргах биз ээ.

Зураг