Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тунгалаг: Ойн талбай Германтай ижил боловч, бүтээмжээрээ манайх хоёр дахин бага байна

Б.Даваахүү
2016 оны 12 сарын 15
Монголын мэдээ
 

Монгол Улс 60 жилийн дараа анх удаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойгоо тоолж, ажлын тайлангаа Засгийн газарт хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл ойн тооллого, манай орны ойн өнөөгийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого зохицуулалтын талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалагтай ярилцлаа.

-Монгол Улс 60 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойгоо тоолж,  тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өглөө. Ойн өнөөгийн байдал ер нь ямар байна вэ. Нийт нутгийн найман хувийг ойн сан эзэлдэг гэсэн мэдээлэл байдаг. Үүнээс хоргодсон уу.  Энэ асуултаас ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс заган ойг оруулаад нийтдээ 12.8 сая га газрыг эзэлсэн ойтой. Ойн сангийн талбай хоргодоогүй.  Дулаан бүсийн  зарим оронд  тариалан эрхлэх, хот тосгон барих чиглэлээр ойг хавтгайруулан огтлох явдал байдаг юм билээ. Гэхдээ манай улсын хувьд  уул уурхай, газар тариалан  гэх мэт ямар нэг зорилгоор ойн сангийн талбайг шилжүүлэхийг хуулиараа хориглодог учраас хоргодох үндэслэл байхгүй.

Ой хээршсэн,  хортон шавьжид идэгдсэн,  өвчинд нэрвэгдсэн байсан ч, ойн талбайг шилжүүлдэггүй хуультай.  Харин гагцхүү ойн доройтлын асуудал л яригдаж байна. Доройтолд гал түймэр, мал бэрчээрлэлт, хортон шавьж голлон нөлөөлж байгаа хэрэг. Тухайлбал, Сэлэнгэ, Хэнтий  аймагт түймрийн гаралт хамгийн  их.

Ерөнхийдөө доройтол үүсгэж буй үндсэн шалтгаанууд бүс бүсээрээ өөр байх жишээтэй. Мал бэлчээрлэлтийн эрчим ялангуяа захын бүсийн районуудад өндөр хувьтай байдаг.

Тэр дундаа Алтайн бүсийн Ханхөхийн нуруунд төгөл ой ихтэй учраас мал бэлчих нь түгээмэл. Үүний улмаас  зулзаган модод ургах нөхцөлгүй болж, байгалийн аясаар нөхөн сэргээгдэх үйл явц уналтад орж байгаа нь  ойн тооллогын дүнгээс тодорхой харагдаж байлаа.

Хортон шавьж, өвчлөлийн асуудлыг мөн дурдахгүй өнгөрч болохгүй. Тооллогын дүнгээс харахад, нэг м.куб талбай тутамд хортонд нэрвэгдсэн байв.  Гэхдээ  манай ойн нэг сайн тал нь байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар сайн гэж гарсан.  

Нэг га ойд 3,025 зулзаган мод бүртгэгдсэн байх жишээний. Энэ бүгдтэй уялдаад цаашдаа мод тарихаас илүүтэй  байгалийн аясаар нөхөн сэргээгдэх үйл явцыг дэмжих  бодлого баримтлах хэрэгтэй  гэсэн зөвлөмж гарч байгаа.  Ер нь бид ойгоо ойлгох хэрэгтэй юм байна.  Харин энэ удаагийн  тооллого бүх нийтээрээ ойг ойлгоход чухал алхам боллоо.

-Ойн тооллого үндсэндээ гурван жил дамнан үргэлжилсэн.  Харин эцсийн үр дүнд  гурван гол дүгнэлт гарсан гэсэн. Ерөнхийдөө хөгшин модны эзлэх хувь нэлээд хурцаар яригдаж байх шиг байна?

-Тооллогын үр дүнгээс  Монгол орны ой хөгшин, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан гэсэн гурван гол  дүгнэлт гарсан байгаа. Тодруулбал, нийт ойн 80 орчим хувийг хөгширсөн, насжилттай моднууд эзэлж байв. Нөөцийн бүтээмжийн хувьд  манайхтай  ижил ойн нөөцтэй бусад оронтой  харьцуулахад,  хоёр дахин буюу түүнээс бага болсон байх жишээтэй.

Харин ашиглалт бага байгаа нь байгалийн аясаар хатаж, насжаад унасан мод ой дотор их хэмжээгээр хуримтлагдсантай холбоотой. Ер нь одоогийн байдлаар 420 сая шоо.метр хатсан модны нөөц ойд хэвтэж байна гэсэн дүн тооллогоор гарлаа.

-60 жилийн өмнөх нөхцөл байдлыг  өнөөгийн үр дүнтэй харьцуулж үзвэл ямар дүн гарах  бол. Энэ талаар сонирхуулаач?

-1956 онд анх Монгол орны ойн бүтцийг тодорхойлох зорилгоор Монгол, ОХУ-ын мэргэжилтнүүд ойн тооллогыг хамтран хийсэн байдаг. Тэр үед ой өтгөн, холимог ой ихтэй байсан болов уу. Харин өнөөдөр ойн талбай хоргодоогүй ч, ой эрүүл байдлаа алдсантай холбоотойгоор өтгөрөл нь багассан байна.

Манайх 1970-аад онд модны нөөцийг тогтоох,  ашиглах  зорилгоор ойн тооллого хийсэн байдаг. Харин энэ удаагийн иж бүрэн ойн тооллогын тухайд  олон улсын аргачлалд тохирсон аргаар ойн  хүлэмжийн хий шингээх чадвар, ялгарлыг тогтоох зорилготой байлаа.  

-Ойн доройтол, бүтээмж багассанд хүний оролцоо нөлөөлж байна уу?

-Хүний буруутай үйл ажиллагаа маш их нөлөөлж байна. 1956 оноос хойших  нөхцөл байдлаас харахад, ойн бүтээмж багасч, ой доройтсон нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой.  

-Цаашдаа бид яах ёстой вэ?

-Ний нуугүй хэлэхэд, өнөөдрийн байдлаар ойн салбар улсын төсвөөс мөнгө авч зарлагаддаг атлаа орлого бараг олдоггүй. Уг нь төсөвт хувь нэмэр оруулж, олсон орлогоо ойг эрүүлжүүлэхэд зарцуулах боломж бий. Манайх шиг ойн сантай, ойн нөөцтэй орнууд  улсын төсөвтөө нэмэр оруулахаас гадна  эргээд олсон орлогоороо ойгоо эрүүлжүүлж, бүтээмжийг нь нэмэх, залуужуулах үйл ажиллагааг санхүүжүүлдэг юм билээ.

Гэтэл манайх Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлдэггүй, буруу бодлого баримталж ирсний илрэл  нь энэ. Харин цаашдаа тооллогын үр дүнд гарсан зөвлөмжүүдийн  тусламжтайгаар бодлогын алдаагаа нэн даруй засч сайжруулах шаардлагатай байгаа.  

-Ойн тогтвортой менежмент гэж  та хэллээ.  Энэ менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

-Бид олон жилийн турш  зөвхөн ойгоо хамгаалах бодлого барьж ирсэн.  Гол нь ойлголтын зөрүү ч бас бий.  Тооллогын дүнгээс харахад, өнөөдрийг хүртэл ойгоо хамгаалах л ёстой гээд хав дарж иржээ.

Гэтэл хамгаалах бодлогоос илүү ойн тогтвортой менежментийн аргачлалыг л хэрэгжүүлэх шаардлагатай нь  тодорхой болсон. Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө, хүч, мэдлэг шаардагдах нь гарцаагүй. Бид энд шууд ойд ороод огтлоод хаях асуудлыг яриагүй. Нэгэн төгөл ой байна гэж төсөөлье.

Тухайн ойн зүйлийн бүрдлийг нь нэмэгдүүлэхэд аль мод нь ашигтай, аль нь саад болж байгааг нь тогтоож, маш нягт төлөвлөгөөтэйгөөр ажиллахыг  тогтвортой менежмент гэдэг. Өөрөөр хэлбэл, бид одоо ерөнхий төлөвлөгөөг л хийдэг. Харин цаашдаа нэгжээс ерөнхий рүү ордог төлөвлөлт хийнэ гэсэн үг.

 
Гэрэл зургийг MPA.mn

-Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд салбарын мэргэжилтнүүдийн хүрэлцээ хэр байгаа вэ. Хэн дуртай нь ойн  салбарт ажиллаад байдаггүй учраас хүний нөөцийн асуудал чухал  байх?

-Өмнө нь ОХУ-д ойн салбарын цөөнгүй мэргэжилтнүүд бэлтгэгдэж байсан жишиг эдүгээ алдагдсан.  Их, дээд сургууль,  тэр дундаа Хөдөө аж, ахуйн их, сургууль ойн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд хамгийн онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт салбарын эрдэмтдийг сонсох уулзалт дээр  их дээд сургуулийн консерциумаас тавьсан илтгэлд  ойн мэргэжлийг сонгох хүүхдийн тоо хэт цөөн байгаа нь анзаарагдаж байлаа.

Дөнгөж таван хүүхэд элссэн байх жишээний. Дээр нь мэргэжлийнх нь ангиллыг буруу бичсэн. Угтаа салбарынхны ажилд орохдоо барьж очих диплом дээр Ойн инженер, ойн арга зүйч гэсэн мэргэжлийн нэр байх ёстой. Гэтэл огт өөр цээжлэхийн аргагүй урт мэргэжлийн нэр тавьчихдаг.

Ерөнхийдөө  их, дээд сургуулийн ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх асуудал хүнд байдалд орсны  нэг жишээ нь энэ. Харин МСҮТ-үүд  ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг дэмжиж ажилладаг. Оюутнуудыг  ойн салбарт суралцах сонирхлыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэд хэдэн ажил хийгдэж байгаа.

Нэгдүгээрт, мэргэжилтэн бэлтгэх МСҮТ-үүд Германы судалгааны  тоног төхөөрөмжөөр хангагдсан. Хоёрдугаарт, багш нарт нь  Германд мэргэжлийн  чиглэлээр тодорхой хугацаанд  суралцах  үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхээс гадна оюутнуудыг урамшуулах чиглэлээр хэд хэдэн дорвитой арга хэмжээ авсны дүнд МСҮТ-д суралцах  ойн мэргэжилтнүүдийн тоо өссөн.  Одоогийн байдлаар 600 оюутан ойн чиглэлээр бэлтгэгдэж  байна

-Заган ойд хэр ач холбогдол өгч судалгаа хийсэн бэ. Заган ойн 60 гаруй хувь тармал байдалтай. Дээр нь говийн сумд заган ойг их хэмжээгээр түлшинд ашиглаж байна гэсэн мэдээлэл байсан. Энэ тал дээр та илүү бодит мэдээлэл өгөх байх?

-Заган ойд ХБНГУ-аас санхүүжилт гарган  ажиллахаар төлөвлөж байна. Ирэх жилээс эхэлнэ. Эхний жижиг төсөл нь хэрэгжээд дуусч байна. БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн ойн талбайд 3,000 га газарт заг тарьсан. Заган ойг түлшинд хэрэглэхийг хориглосон хуулийн заалт байдаг. Хуулийг сахиулах чиглэлээр төрийн албан хаагчид ажилладаг.

Тэдний ажлыг хүндэтгэх хэрэгтэй болов уу. Гэхдээ заган ойн захаар амьдардаг малчид унасан,  хатсан загийг түлшиндээ хэрэглэхийг  хориглохгүй байгаа. Угийн хориглосон ч биелэх боломжгүй учраас тэр. Заган ойн тооллогыг  2011 онд хийсэн. Үр дүнд нь байгалийн аясаар нөхөн сэргэх үйл явц маш сайн байсан. Талбайгаа алдаагүй байсан. Ирэх жилээс заган ой дээр ажиллана.

-Герман ойн талбайгаараа манайхтай ижил төстэй гэдгийг та дээр дурдсан. Тэгвэл хоёр улсын ойн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөхцөл байдлыг хооронд нь жишиж үзвэл ямар дүн гарах бол?

-Манай орон ойн талбайгаараа Германтай бараг ижил. Манайх 9.1 сая га ойн талбайтай бол Германых 10 сая га байдаг. Хүн амын хувьд манайх гурван сая хүн амтай, харин германчууд 80 саяулаа. Гэтэл эдийн засгийн үр өгөөж, ойн бүтээмжийг нь харьцуулж үзэхэд, манайх жилдээ гурван тэрбум төгрөгийн орлого олж байхад, Герман дөрвөн их наяд төгрөгийг төсөвтөө төвлөрүүлж байх жишээтэй.

Хэдийгээр ойн талбайн хэмжээ нь төстэй боловч,  бүтээмж, чадавхаараа манайх хоёр дахин бага байна. Ойн бодлого, аж ахуйн арга хэмжээний зорилт буруу явж ирснийг л энэ зөрүү шууд харуулж байгаа хэрэг.

Бид модоо үнэд оруулж чадахгүй байна. Бүтээгдэхүүнээ сайн хийж чадахгүй, технологи нутагшаагүй зэрэг олон хүчин зүйл  үүнд  нөлөөлж буйг тэмдэглэх хэрэгтэй. Мөн ямар нэг бүртгэл, хураамжгүй хууль бус мод бэлтгэл явагдаж байгаа нь ч мөн  нөлөөлж байна.

-Ойн талбай нь багасаагүй атлаа, доройтол явагдсан талаар хэлсэн. Хууль бусаар мод бэлтгэх байдал үүнд хэр нөлөөлж байгаа бол. Ер нь хулгайн мод бэлтгэлийн асуудал ямар төвшинд байна вэ?

-Мод бэлтгэл сүүлийн арван жилд мэдэгдэхүйц багассан. Үүнийг хожуул хэр их өмхөрсөн, шинэ мод хэр их тайрсан зэргээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, тухайн хожуул хэр их өмхөрснөөс хамаарч хэдэн жилийн өмнө тайрсныг тодорхойлж, үүнд суурилж мод бэлтгэлийн ажил ямар төвшинд байгааг тодорхойлж болдог.

Ингээд үзэхэд, харьцангуй цэвэрлэгээ сайн явагдаж байна. Ойд унасан, хатсан модыг иргэд авдаг болсон байна. Хууль дүрэм чангарсантай холбоотойгоор нойтон модыг огтлох үзэгдэл багассан гэж харж болохоор байгаа юм. Гэхдээ мод бэлтгэл багассан нь хууль бусаар мод тайрах явдал буурсан гэсэн үг биш.  

Бид оновчтой бодлогоор  зөв зохион байгуулж чадвал ойн бүтээмж дээшилдэг учраас л бодлогоо өөрчлөх гээд байгаа юм.

-Ой нэг талаар нөхөн сэргээгддэг баялаг шүү дээ. Та дээр  420 сая хатсан модны нөөц байгааг дурдсан.  Ер нь манай орны модны эрэлт өөрөө хэчнээн байдаг, түүнийг хангахуйц нийлүүлэлт хийж чадаж байгаа эсэх нь сонин байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Өнөөгийн байдлаар модны эрэлт жилд хамгийн багадаа  3.6 сая шоо метр байна.  Таван жилийн өмнө хийсэн судалгааны дүн байдаг. Тэр судалгаагаар 4-5 сая шоо метр модны эрэлт байна гэсэн дүн гарсан. Та бүхэн яваад хараарай.  Хөвсгөл аймгийн нэг айлын эсвэл албан байгууллагын гадна ямар хэмжээний мод хураалттай байгааг үзээрэй.

Ингээд тооцвол  улсын хэмжээнд модны их хэмжээний эрэлт байгаа нь анзаарагдана. Гэтэл улсаас төлөвлөсний дагуу  мөнгөө тушаагаад  авч байгаа нь нэг сая хүрэхгүй шоо метр байдаг. Үүний цаана гарч буй зөрүү нөгөө л хууль бус мод бэлтгэл гэсэн үг.  Хууль бусаар хураамжаа төлөхгүйгээр, бүртгүүлэхгүйгээр ойд орно гэдэг маш их хор уршгийг дагуулна.

Хулгайгаар  ой руу орж байгаа хүн ямар ч мэргэжлийн төлөвлөлтгүйгээр дуртай модоо захаас нь эхлээд л тайрна гэсэн үг.  Иймээс хууль бус мод бэлтгэл ой доройтож буй үндсэн шалтгааны нэг болж байна.

-Байгаль хамгаалагчид  л энэ асуудлыг хариуцаж байна уу, эсвэл?

-Байгаль хамгаалагчдаас  гадна ойн ангиуд гэж бий.  Манай улсад нийтдээ 43 ойн анги үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний хувьд ерөнхийдөө  менежментийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.  Аж ахуйн нэгжүүд ч бий. 1,200 гаруй нөхөрлөл мөн ажилладаг.  Гэхдээ бид өмнө ерөнхий төлөвлөлтөөс нэгж рүү шилждэг байсан бол  цаашдаа нэгжээс ерөнхий рүү ордог болсны дараа асуудал арай өөрөөр яригдах байх. Гэхдээ хугацаа зарцуулах нь гарцаагүй.

-Ойн тооллогын хүрээнд Германы хамтын ажиллагааны байгууллагаас хоёр сая  еврогийн нэмэлт тусламж үзүүлж байгаа гэж сонссон юм байна. Энэ талаар?

-Ойн үндэсний хэмжээний тооллогод зориулан  Германы хамтын ажиллагааны байгууллагаас хоёр сая еврог нэмж өгч байгаа.  ХБНГУ-ын Засгийн газрын үндсэн хөрөнгө оруулалтаар энэ удаагийн тооллогыг хийсэн. Мэдээж,  улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт гаралгүй яах вэ.

Энэ хүрээнд  ойн иж бүрэн тооллогоос гарсан үр дүнг Германы талаас өндрөөр үнэлсэн.  Цаашдаа тооллогоос  гарсан зөвлөмжүүдийг Монголын хөрсөнд нутагшуулахад  шаардлагатай дэмжлэг болгож  хоёр сая еврогийн нэмэлт тусламжийн  үзүүлж байна гэж ойлгож байгаа.  

-Ойг нөхөн сэргээх чиглэлээр өмнө нь ч гэсэн тодорхой ажлууд хийгдэж байсан. Хэр үр дүнтэй болсон  бэ?

-Ойн тооллогын дүгнэлтээр ирэх 10-20 жилд  мод тарихаас илүүтэй  байгалийн жамаараа нөхөн сэргэх үйл явцыг нь  дэмжих шаардлагатай нь бодлогын тэргүүн  зорилт  болж байгаа. Өөрөөр хэлбэл, малаа битгий бэлчээрлүүлээч, гал түймэр бүү тавиач. Зулзаган модод өсч торних орчныг нь хамгаалж, дэмжиж өгөөч гэж хүсч байна.

Байгалийн жамаараа нөхөн сэргээгдэхэд хүмүүс бид саад болохгүй байхад л болчих зүйл. Хэрэв ой руу орох бол илүү бодлоготой байх хэрэгтэй. Зулзаган моддын ургах боломжийг бүрдүүлж, нарны гэрэл өгөх зорилгоор хатаж унасан модыг цэвэрлэх, тэжээлийн талбайг нь нэмэгдүүлэх зэргээр ажиллах шаардлагатай.

-Ойн тооллогыг Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийжээ. Олон улс манай орны ойн нөөц, түүний ашиглалтад анхаарал хандуулж байгаагийн гол зорилго нь юу вэ?

-Ой өөрөө хил хязгааргүй, дэлхий нийтийн  асуудал. Ялангуяа, байгаль орчны асуудлыг хилээ хаагаад ярих ямар ч боломжгүй. Дэлхийн хамгийн том эко систем бүхий ой бол  сибирийн тайга шүү дээ. Гэтэл манай орны ой тайгын  зүүн урд захыг эзлэн оршдог. Захын ой учраас  уур амьсгалын өөрчлөлтөд  эмзэг мэдрэмтгий атлаа эргээд дэлхийн эко системд маш их ач холбогдолтой байдаг.

 Тодруулж хэлбэл, Төв Азийн гурван гол усны хагалбарыг тэтгэж байдаг ой байгаа. Ой бүр ач холбогдолтой. Ой болгон  нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, гацааж байдаг. Яг л торх шиг. Тийм учраас дэлхий даяараа нүүрсхүчлийн хийн хуримтлалыг ой дотор нь гацаах асуудлыг нэмэгдүүлж, ялгарлыг нь багасгах талаар ярьж байна.

Ийм  үед олон улсын шаардлагаар ойн иж бүрэн тооллогыг хийх, шаардлагатай болсон. Энэ удаагийн ойн тооллогын үр дүнг 2017 оны эхний улиралд багтаан  НҮБ-д тайлагнана. Тооллогын үр дүнгээр дамжуулаад Монголын ойн нөөц олон улсад шинээр данслагдах гэж байгаа юм.

-Та Ази, номхон далайн ойн хорооны дэд даргаар ажилладаг. Нэг талаар, Монголдоо олон улсын төсөл хөтөлбөрийг татахад, нэлээд чухал үүрэгтэй оролцож байгаа болов уу?

-НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага ойг хариуцаж  ажилладаг. Дотроо зургаан бүсэд хуваагддаг бөгөөд үүний нэг нь Ази Номхон далайн ойн хороо. Тэр дундаа 33 орныг нэгтгэсэн манай хороо юм маш идэвхтэй ажилладаг. Өнгөрсөн жил  тус хорооны дэд даргаар сонгогдсон.

Тийм ч учраас Ази номхон далайн ойн хорооны удирдлагын төвшний уулзалтад байнга оролцдог.  Бодлого гаргах үйл явцад  Монголын төлөөлөл удирдах үүрэгтэй оролцож буй нь өөрөө хамгийн чухал шүү дээ. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага ойн салбартаа 2030 он хүртэл ямар бодлого барьж ажиллах, хэчнээн хэмжээний ойг дэлхий даяар шинээр бий болгох  гэх мэтээр “COP” –оор хүлээсэн  үүрэг гэж байдаг.

Тэрхүү үүргээ  улс орнууд ялангуяа Ази номхон далайн орнууд ямар замаар биелүүлэх талаар саяхан бодлогын зөвлөмж гаргасан байгаа.  Манайд ч гэсэн COP-оор хүлээсэн ойн сангийн талбайг нийт нутаг дэвсгэрийн есөн хувьд хүргэх том үүрэг хариуцлага бий. Одоогийн байдлаар ойн сангийн талбай 7.78 хувь байдаг.

Гэтэл үүргээ биелүүлэхэд хэдэн саяар хэмжигдэх га талбайг ойжуулах шаардлага гарч ирж байгаа. Бидний хувьд байгалийнхаа жамаар сэргэн ургах үйл явцыг дэмжих зарчмаар үүргээ биелүүлнэ гэж төсөөлж байна.

Мэдээж,тогтвортой бодлогын  менежментийг хэрэгжүүлэхэд биднээс маш их ур чадвар шаардах нь гарцаагүй. Монгол Улс Ази, номхон далайн ойн хорооны удирдах төвшинд төлөөлөлтэй болсноор олон улсын төсөл хөтөлбөрийг улсдаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой  болсон. Ер нь ч тэгээд манай ойн салбарын гадаад харилцаа сайн байгаа.

-Ойн сангийн талбайг мод тарих замаар нэмэх боломж ер нь байдаг уу?

-Ойн талбайг нэмнэ гэдэг хэцүү.  Манайх ой тарьж чаддаг, тариаланч улс мөн үү гэдгээ өөрсдөөсөө эхлээд асуух хэрэгтэй байх.  Гэхдээ энэ дашрамд, Сэлэнгэ аймгийн ойчиддоо  талархал илэрхийлмээр байна. Сэлэнгэ аймаг Тужийн нарсаа 10 жилийн дотор  бүрэн сэргээж чадсан. Энэ нүсэр их ажилд олон аж ахуйн нэгж оролцсон.  

Тужийн нарсан ойгоо бүрэн сэргээсний баяраа 2011 онд тэмдэглэж билээ.  Энэ бол бид  хүсвэл ой мод тарьж чаддаг гэдгийг  харуулсан жишээ.

Хөвсгөл, Хэнтийн Биндэр сумын ойн ангийнханд мөн талархал илэрхийлмээр байна. Маш том ойн санг тарьж бий болгосон. Төгөл ой тарьсан  энэ мэт жишээ олон байна. Гэхдээ нийт ойн талбайн хэмжээнд нөлөөлөхүйц байж чадахгүй. Иймээс л байгалийн жамаараа нөхөн сэргэх үйл явцыг нь дэмжих хэрэгтэй байгаа юм.

Зураг