Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Намуудын “ЗАМЫН ЗУРАГ”

А.Алиман
2016 оны 12 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын төрийн бодлогыг тодорхойлогч хоёр том намын хурал долоо хоногийн зайтай болж өнгөрлөө. М.Энхболд эрх баригч, З.Энхболд сөрөг хүчний намын даргын байр сууринаас улс орны өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлгээ өгч, өөрсдийн намын дотоод амьдрал, асуудал, амбицыг хөндсөн мэдэгдлүүдийг тус тусын хурал дээрээ илтгэв.

УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиас хойш, нэг үгээр бол төрийн эрх мэдлийг харилцан солилцсоноосоо хойш тэдний хэн хэн нь анхны улс төрийн томоохон илтгэлээ тавьсан нь энэ. Энэ утгаар нь тэдний илтгэлүүдийг харьцуулан авч үзэх замаар хувь улстөрчдийнх нь арал чансаа, удирдаж буй намуудынх нь ойрын болоод холын ирээдүйг зураглан гаргахад ч болмоор харагдана.

МАН, АН-ын өнөөгийн нөхцөл байдал, дээрх хоёр хурлын үүрэг, зорилго өөр өөр байсан хэдий ч хоёр намын аль аль нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх гараан дээр, хариуцлагатай зурвас дээр зогсч буйгаараа адил юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд юуг анхаарах вэ? 

З.Энхболд: Дараа дараагийн олон сонгуульд намын эв нэгдлийг илэрхийлсэн, олны хүндэтгэл хүлээсэн, албан тушаал, эдийн шуналаас ангид, нэр цэвэр гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлж ялалт авчрах нь манай намын гол зорилго байх болно. Энэ шалгуураар нэр дэвшигчээ тодруулж чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох ард иргэдийнхээ итгэлийг буцааж олох үндсэн нөхцөл байх болно. 

М.Энхболд: Дэлхийн эрх баригч намуудын жишгээр улс төрийн бодлогын судалгааны хүчтэй бүтэцтэй, түүндээ ажилладаг шилдэг боловсон хүчинтэй болох цаг ирсэн. Ийм бодлогын судалгааны төв намыг ямар ч нөхцөлд зөв замаас нь хазайлгахгүй байх ерөндөг нь болно.

Энэ төв эх орныхоо хөгжлийн ирээдүйг зөв төсөөлж, ард түмнийхээ аж амьдралыг илүү сайн сайхан болгох бодлого боловсруулан дэвшүүлдэг манай намын оюун ухааны уураг тархи байх юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын төв аппаратын ажилтнууд, судалгааны төвийн ажилтнууд хамтран дараа дараагийн сонгуульд бэлтгэх "Замын зураг"-ийг одооноос гаргах хэрэгтэй. Намын бодлогын судалгааны чадавхыг нэмэгдүүлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн судалгааг цаг алдалгүй эхлүүлэх.

Цаашид нам сонгуульд яаж илүү санал авах вэ? 

З.Энхболд: Цаашид ямар нэг санал хуваагч улс төрийн хүчний орон зай хумигдаж байгаа учраас бид зөвхөн өөрсдийн хүчин чармайлт, бололцоогоо бүрэн ашиглаж сонгуулийн стратеги тактикаа боловсруулах цаг ирснийг ойлгох хэрэгтэй болж байна.

М.Энхболд: Эх орондоо иргэн түмнийхээ итгэлийг олон арван жилээр хүлээж, засгийн эрхийг барьж байгаа манай намтай үзэл баримтлал ижил улс төрийн хүчин олон байна.

Тэдгээр намуудыг улс төрийн хувьд тулхтай, үйл ажиллагаа нь тогтвортой, нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчин гэдэг талаас нь хүлээн зөвшөөрч байж, сая сонгогчид нь итгэл хүлээлгэж байна. Энэ нь “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол зарчим тэнд ч бас адил хэрэгжиж байна гэсэн үг юм.

Намын үйл ажиллагааны ойрын зорилт юу вэ? 

З.Энхболд: Юуны өмнө дүрэмдээ өөрчлөлт хийж, Ардчилсан намын шат шатны удирдлагыг тухай шатны нийт гишүүдийн саналаар сонгох нь намын шинэтгэлийн эхний бөгөөд хамгийн чухал алхам байх болно. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын шинэтгэлийн хувь заяа хамаарна.

М.Энхболд: Манай намын үзэл суртлын баримтлалыг боловсруулж, бүх нийтийн хүртээл болгох нь намын нийгмийн өмнө хүлээсэн томоохон хариуцлага гэж үзэж байна.

Намын аппарат хүчтэй байх нь намын бодлогыг зөв тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалттай болгох, намын үзэл суртлын ажлыг системтэй явуулахад хамгийн чухал зүйл мөн. Тийм учраас намын аппаратаа байнгын хүчтэй, зохион байгуулалттай болгох хэрэгтэй байна. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн яаж, ямар нөхцөлд хийх вэ? 

З.Энхболд: МАН-тай 2014 онд эвсэл байгуулсны гол зорилго нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил байсан боловч харамсалтай нь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгаран Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан бол бид байнга үүсэж байдаг улс төрийн хямрал, засаглалын зөрчилдөөнийг арилгах боломжтой байх байлаа.

М.Энхболд: Аль ч улс төрийн хүчин олонх болж чадаагүй парламентад бодлого тодорхойлж, хууль батлахын тулд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх гэсээр гацаанд ордог, улмаар улс орны хөгжлийг урагш нь биш хойш нь уллан чангаадаг гашуун сургамжтай.

УИХ-ын 2-3 бүрэн эрхийн хугацаа дамнасан ч батлагдаагүй хуулийн төсөл, бодлогын шийдэл цөөнгүй хуримтлагдсан нь үүний жишээ. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх зэрэг асуудал энд хамаарна.

Зураг