Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оргил: Ипотект 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохгүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ипотекийн зээлийн талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодрууллаа. 

-Монголбанк ирэх онд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг хийхээр боллоо гэсэн мэдээлэл явж байна. Энэ талаар тодруулна уу?

-Мэдээллийн хэрэгслээр явсанчлан ипотекийн зээлд зориулж ирэх онд 917 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгогдоно гэдэг нь ташаа мэдээлэл юм. Монголбанкнаас банкуудад өмнө нь олгосон ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 10, 11 сард олгогдсон зээлийн эх үүсвэрээс 250 тэрбум, 12 дугаар сарын 572 тэрбум, нийтдээ 822 тэрбум төгрөгийг төлөх хугацааг 6 сар болон нэг жилээр сунгасан.

Үр дүнд нь арилжааны банкууд нийт 822 тэрбум төгрөгийг Монголбанкинд энэ ондоо багтаж төлөх байсныг дараа онд төлөхөөр болгосон явдал юм. Үүнийг харин дахин санхүүжилт хийгдэнэ гэж буруу ойлгосон бололтой.

-Тэгвэл одоо ипотекийн зээлийн санхүүжилт ямар хэлбэрээр явагдаж байна вэ?

-Ипотекийн зээлийг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрсөн эргэн төлөлтөөр санхүүжигдээд явна гэсэн журмаараа олгогдож байгаа. Тэгэхлээр, тухайн сард хэдий хэмжээний эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээний мөнгө ипотекийн зээлд зориулагдана гэсэн үг юм.  11 дүгээр сард  Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж 35.8 тэрбум төгрөгийг олгоод байна. 

- Цаашид ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж байхгүй юу? 

- Монголбанк ипотекийн зээлийг дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдэд чиглүүлж байгаа. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад бид ипотекийн зээлийг тэлэх боломж хомс байна. Иймд бид аль болох ипотекийн зээлийн нөхцөлүүдийг хэвээр хадгалах замаар цааш үргэлжлүүлнэ гэсэн бодлого баримталж байгаа.