Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчирхийлэгч нэг өдөр гарч ирдэггүй тэд бэлтгэгдсэн байдаг

ikon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хүчирхийлэл гэж юу вэ? Энэ нэр томъёог задалж тайлбарлая.



Эрх мэдлээ тогтоохын тулд бусдад сөргөөр нөлөөлөх, харгислах, сэтгэл санааг нь эрхшээх үйл явц гэсэн үг юм болов уу.

  • Зодох, цохих зэргээр бие махбодид хүч хэрэглэх,
  • эдийн засгийн болон эд матеиралын хараат болгох,
  • сэтгэл санааны дарамтад байлгах зэрэг нь хүчирхийллийн хэлбэр.

Гэхдээ эдгээрээс хамгийн их хохиролтой буюу барагтай л бол эдгэрч засрашгүй нь гурав дахь төлөв. Сэтгэлийн дарамт нь оюуны эмгэгт ч хүргэж болзошгүй. 

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийг хэлэлцэх ёстой байлаа. Гэвч уг асуудлыг хойшлуулсаар байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ хуулийг олон талаас нь хэлэлцэж, мэргэжлийн чиг үүргийг тодорхой болгож өгөхгүй бол хэрэгжих шатандаа олон хүндрэл бэрхшээл гарах төлөвтэй.

Ямартай ч хууль үгүй тул хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн хэмжээнд шийдэгдэж, хохирогчид хохирсоор л байгааг бодитой харж, түргэн шийдвэрлэх хэрэгтэй байна. 

Хүчирхийлэл хэзээ ч санаандгүй үйлдсэн, алдаа дутагдал байдаггүй.

Хэрэв найз залуу чинь нэг удаа ч гэсэн чимхэх, түлхэх, чанга базах, тэврэх гэх мэтээр бухимдсан сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн бол хүчирхийллийн харанга дэлдлээ гэсэн үг юм. 

Мөн хардалтын шинжтэй, өөрийгөө байнга хууртагдаж байгаа мэт утгатай доромж үгс хэлдэг бол сэтгэл санааны ноцтой хүчирхийлэл үйлдэж байгаа хэрэг. Хийгээгүй хэргийнхээ төлөө та яллагдах нь ухамсар сэтгэцэд чинь хурцаар нөлөөлж байгаа. Энэ нөлөөлөл нь таныг нийгмийн харилцаанд ороход саад бэрхшээл болж эхлэх нь тун удахгүй гэсэн үг.

АЖЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЭЛ

Гэр бүлийн хүчирхийллээс гадна олон нийтийн орчинд бид нэгнийхээ сэтгэл санаа оюуныг хүчирхийлдэг. Ажил дээр чинь хувийн асуудлаа хэт дэлгэж өөрийгөө маш их зовсон байгааг мэдрүүлэх гэсэн хүн байдаг уу. Тэр хүн бусдыг хүчирхийлж байгаагаа ч мэдэхгүй, сэтгэл зүйн хүнд орчныг үүсгэж суудаг. 

Олон улсад асуудал бэрхшээлээ найз нөхдийн хүрээнд бүү хэл ойр дотныхондоо ч ярих нь зохисгүй хэрэг гэж үздэг. Учир нь зовлонгоо тоочих нь бусдын сэтгэлийг сэвтүүлж, гэмтээнэ гэдгийг бүрэн ухамсарладаг байна. Харин тэд эмчид, эсвэл сэтгэлзүйн дэмжлэгийг зорилтот байгууллагаас үнэ төлбөртэй авдаг.

ХҮЧИРХИЙЛЭГЧ НЭГ ӨДӨР ГАРААД ИРДЭГГҮЙ

Зарим эцэг эх хүчирхийлэгчийг өсгөдөг. Хүүхдийн сэтгэлзүйн үе шатуудад гэр бүлийнхэн нь таагүй нөлөөлснөөр хүүхэд түрэмгий, хүч хэрэглэж зан үйлээ илэрхийлэгч болдог. Хайр үзээгүй хүн удирдах албан тушаалд очвол ямар үр дүн гарахыг тааварлаж болох байх. Хүчирхийлэгч нэг өдөр гарч ирдэггүй, тэд бэлтгэгдсэн байдаг.

ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ

Хүүхдийн хөгжлийн үеүдэд эцэг эхээс гадна нийгмийн, эрүүл мэндийн, боловсролын байгууллагууд анхаарах, зөв нөлөөллийг өгөх хэрэгтэй. Бага наснаас нь эхлээд хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлж, нийгэмд хүчирхийлэгч бий болгохгүйн төлөө сургалтын агуулга, хөтөлбөрийн бүрэн өөрчлөлт шаардлагатай байна.