Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Бизнес эрхлэлтийн орчин дахь АВЛИГЫН нөхцөл байдал

Н.БОЛОРЧИМЭГ
2016 оны 12 сарын 8
iKon.MN

Азийн Сан, Сант Марал сантай хамтран жил бүр явуулдаг “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны долоо дахь удаагийн дүнгээ танилцууллаа.

Уг судалгааг “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Канадын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлжээ. Тус судалгааны дүн манай улсын бизнесийн орчин улам бүр муудсан байгааг харуулсан байна.

2012 оноос хойш явагдаж буй энэхүү судалгаа нь бизнесийн орчин дахь авлигын нөлөөллийг харуулахыг зорьдог бөгөөд 2016 оны есдүгээр сард Улаанбаатар хотын 330 аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл болох бизнес эрхлэгчдийг хамруулан явуулсан байна.

Энэ удаагийн судалгаа 2016 оны УИХ-ын сонгууль, эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт болон Засгийн Газрын зүгээс эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санаачлагуудыг хэрэгжүүлэхээр оролдож буй зэрэг томоохон үйл явдлуудын үеэр хийгдсэнээрээ онцлог юм.

Учир нь ийм бизнесийн орчинд судалгааны үзүүлэлтүүд бүх төрөлд багасч, сэтгэл ханамж буурсан, хөрөнгө оруулалтын орчин таатай бус болон бизнес эрхлэгчид өөдрөг бус байгааг улам тод харуулжээ. 

Судалгааны дүнг графикаар харуулж байна:


Бизнесийн орчны эерэг үнэлгээ буурсаар 2016 оны 9 сард бизнесийн орчны сэтгэл ханамж судалгаа хийгдсэн бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрч оролцогчдын дөрөвний нэг нь "сэтгэл маш хангалуун бус" гэж хариулжээ.

Бизнесийн орчин дахь сэтгэл ханамж: Нийт

Сэтгэл ханамжийн түвшин нь Монголын эдийн засаг дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшинтэй хамааралтай байгааг харуулж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн танилцуулсан статистикаас харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оны 4407.8 сая ам.доллар байсан бол 2014 онд 276 сая ам.доллар болж бууран 2016 оны 9 сарын байдлаар 35.2 сая ам. доллар болжээ.

"Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдал"-ын судалгаанд бизнесийн орчны сөрөг үнэлгээ 2012 онд -0.58-аас 2014 онд -0.95 болсон ба 2016 онд -1 болж бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Түүврийг 100% Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлсэн ба дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай байгааг судалгааны дүн харуулж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт (2011 оноос 2016 оны эхний хагас)

Бизнесийн орчны хүндрэл бэрхшээлүүд

Судалгаа хийгдэж эхэлсэн 2012 оноос хойш бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтад саад болж байгаа үндсэн гурван хүчин зүйл хэвээр байна. Эдгээр нь өндөр татвар, зээлийн хүртээмж болон авах боломж, лиценз ба зөвшөөрөл шинэчлэх.

Судалгааны туршид өндөр татвар хамгийн ихээр дурдагдах бэрхшээл хэвээр байхад нөгөө хоёр бэрхшээлийн эрэмбэ өөрчлөгдсөн байна. 2016 онд өмнөх онуудаас хамаагүй илүү оролцогчид (63.6%) "өндөр татвар"-ыг хөрөнгө оруулалтын гол бэрхшээл гэж үзэж байна.

Зөвшөөрөл болон лицензийг 2012 онд оролцогчдын 33.6% бэрхшээл гэж үзэж байсан бол тогтвортой буурсаар 2016 онд 17% болсон байна.

Зээл авах боломж эсрэг үзүүлэлттэй байсан ба 2012 онд 21.5%-иас эхэлж 2016 онд 26.1%-д хүрчээ.

2016 онд "өндөр татвар" нь үндсэн бэрхшээл гэж тооцогдох хамгийн өндөр хэмжээ буюу 63.6%-д хүрсэн байна. Үүн дээр нэмэх нь зээлийн хүртээмжгүй байдал нь Монголын бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүндрэл бэрхшээлийг учруулж байна.

Албан болон албан бус төлбөр, түр зуурын болон байнгын хориг арга хэмжээ, хязгаарлалт гэх мэт бэрхшээлийн үнэлгээнд 2012-2016 оны хооронд эерэг хандлага ажиглагдсан.

Хөрөнгө оруулалтын үндсэн бэрхшээлүүд

Үр ашиггүй бэрхшээлд зарцуулж байгаа нөөцийн хувьд өмнөх жилүүдийн "мэдэхгүй байна" гэсэн хариултын өндөр хувьтай харьцуулахад энэхүү асуудлаар илүү их оролцогчид өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн байна.

Судалгаанд оролцогчдын тогтмол 9-10 орчим хувь нь үр ашиггүй бэрхшээлд өөрсдийн нөөцийн 25 гаруй хувийг зарцуулдаг тухай мэдээлдэг байв. Гэвч нөөцийн 10 хүртэлх хувийг зарцуулдаг гэх оролцогчдын тоо нэмэгдсэн нь 2015 онд 30.6% байснаа 2016 онд 38.8% болсноос харагдаж байна.

Үр ашиггүй бэрхшээлийг шийдэхэд зарцуулдаг хөрөнгө мөнгө

Компаниудын нөөц болон цагийн менежментийг хүйсийн харьцаагаар нь авч үзвэл эмэгтэйчүүд олноор ажилладаг компаниудын гүйцэтгэл илүү сайн байгаа нь харагдаж байна. Эдгээр компаниуд дэмий зарцуулсан цаг хугацаа болон нөөц багатай байна. Гэвч энэ ялгаатай байдал нь хүйсийн харьцааны биш бүтэц болон салбарын ялгаанаас үүдэлтэй байж болох юм. Уул уурхай болон барилгын салбарууд эрэгтэйчүүд олноор ажилладаг бөгөөд дунд болон том компаниудад эрэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Танай байгууллагын удирдлага үйлдвэрлэлийн бус асуудлуудыг жич: зөвшөөрөл, лиценз шинэчлэх буюу шинээр авах, албан ёсны хариу хүлээх гэх мэт, шийдвэрлэхэд ажлын цагийн хэдэн хувийг зарцуулдаг вэ? (хүйсээр)

Төрийн албан дахь авлига

Төрийн байгууллагын тендер болон гэрээ байгуулах явц дахь авлигын тохиолдол ижил төстэй бууралт ажиглагдсан. Тендер, гэрээ байгуулах явцад авлига маш их гэж үзэх хүмүүсийн тоо 38.2%-иас 30.6% болж буурсан байна.

Гэвч авлигын талаар "мэдэхгүй байгаа" хүмүүсийн тоо 16.7%-иас 23.6% болж өссөн байна. Эдгээр өөрчлөлтүүд эдийн засгийн үйл ажиллагаа нийтдээ багассантай холбоотой байх магадлалтай юм.

Төрийн байгууллагын тендер болон гэрээ байгуулах үйл явцад авлига хэр их байна  гэж та боддог вэ?

2016 онд судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь (56%) тендерийн үр дүнд улс төрийн намын гишүүнчлэл болон гэр бүл, ах дүү хамаатан садны харилцаа нөлөөлдөг гэж үзэж байна. Бизнесийн орчин дахь авлигын түвшний өөрчлөлтийн үнэлэхэд оролцогчдын 35.7% өнгөрсөн гурван жилийн хугацаанд авлига нэмэгдсэн, харин 20.3% нь авлига буурсан гэж үзэж байна.

Танай компани төрийн байгууллагын тендерүүдэд оролцдог уу?

Авлигатай тэмцэх үйл ажиллагаа

Судалгаа хийгдэж эхэлсэн цагаас хойш авлигатай тэмцэх төрийн хүчин чармайлтын үнэлгээнд сөрөг хандлаг ажиглагдаж байна. Засгийн газрын авлигатай тэмцэх арга хэмжээний талаар "өргөн мэдлэгтэй" хүмүүсийн тоо 2013 оны 10 сараас буурч эхэлсэн ба тухайн үед 9.4% байснаа 2016 онд 2.1% болсон байна. Үүнтэй холбоотойгоор одоо үйлчилж буй авлигатай тэмцэх хууль "огт үр дүнгүй" гэж боддог хүмүүсийн тоо 2013 оны 10 сарын 18.8%-иас аажмаар өссөөр 2016 онд 39.8%-д хүрчээ.

Төр засгаас авлигын эсрэг авч буй арга хэмжээ үр дүнтэй эсэх үнэлгээг зургаан сарын өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад "авлига буурсан" гэсэн хариулт 2013 оны 5 сард 16.4%-иас аажмаар буурсаар 2016 онд 4.2% болсон.

Та одоогийн Засгийн газраас явуулж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны талаар хэр сайн мэдэх вэ?

2016 оны 9 сард авлигыг бууруулах хамгийн шилдэг туршлага болон тэдгээрийн эрэмбэ нь 2015 оны 9 сартай ижил байна.

  1. Бизнесийн зөвхөн шударга байх зарчмыг баримталдаг байх
  2. Авлигач улс төрчдийн эсрэг кампанит ажил явуулах
  3. Хэзээ ч хээл хахууль өгөхгүй байх
  4. Засгийн газрын журам болон хуулийг мэддэг байх
  5. Авлигыг АТГ-д мэдээлэлж байх

Авлигыг бууруулахад "авлигач улс төрийн нэр дэвшигчийн эсрэг кампанит ажил явуулах" арга замыг илүүд үзсэн хэвээр байна. Дараагийн судалгаагаар энэхүү хандлага сонгуулийн онуудын (2015-2016) дараа ч гэсэн хэвээр байвал авлигын эсрэг арга замуудын дундаас тогтмол байр суурьтай болох магадлалтай байна.

Хувийн хэвшил дэх авлигыг бууруулах шилдэг таван арга зам (3 сонголт зөвшөөрсөн байна.)

Авлигатай тэмцэх газрын бизнес дэх авлигыг бууруулах хүчин чармайлтыг оролцогчид маш багаар үнэлсэн. Тэдгээрийн аравны нэг хүрэхгүй хувь АТГ-ын үйл ажиллагаанд эерэг үнэлгээ өгсөн бол оролцогчдын талаас илүү хувь сөрөг үнэлгээ өгсөн байна (тус бүр 7.9% ба 52.1%).

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үнэлгээ

Судлаачид энэ удаагийн судалгааны үр дүнд,

  • 2016 онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурсан хэвээр байна.
  • 2012 онд  судалгаанд оролцсон компаниудын 11.8 хувь нь хөрөнгө оруулалт доройтсон үзүүлэлттэй байсан бол 2016 онд энэ тоо нь 56.7 болж нэмэгджээ.
  • Бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засаг өснө гэсэн найдвар байхгүй байгаа бөгөөд 2012 онд бизнес эрхлэгчдийн 57 хувь нь хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэж байсан бол 2016 онд зөвхөн 26.4 хувь нь сайжирна гэж үзсэн байна.
  • Хэт өндөр татвар, зээл авах боломж бага, мөн лиценз сунгах, олгохтой холбоотой асуудлууд бизнес эрхлэгчдэд гол бэрхшээл болсон хэвээр байна.
  • Татварын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналт, болон Гааль гэх мэт албан газрыг хамгийн их бэрхшээл үүсгэдэг гэж судалгаанд оролцогчид үзжээ.  
  • Судалгаанд оролцогчдын тал гаруй хувь нь (47.9) төрийн салбарт авлига “маш их” байна гэж тодорхойлсон бол аравны нэг нь буюу 12.4 хувь нь хувийн салбарт “маш их” авлига байна гэж үзсэн байна.
  • Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь (53 хувь) улс төрийн болон гэр бүл, хамаатан садангийн харилцаа зэрэг нь төрийн байгууллагын тендерт нөлөөлж байна гэж үзжээ.
  • Бизнесийн орчин дахь авлигын эсрэг хууль зүйн орчинг “огт үр дүнгүй” гэсэн үнэлгээ 2012 онд 19.1 хувь байсан бол 2016 онд судалгаанд оролцогчдын 39.8 хувь нь үр дүнгүй байна гэж хариулжээ.  
  • Судалгаа анх эхлэх үед оролцсон хүмүүсийн 19.5 хувь нь төр засгийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа “ямар ч үр дүнгүй” гэж хариулж байсан бол 2016 онд энэ үзүүлэлт 44.5 хувь хүртэл өссөн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Азийн Сан нь Ази тив дэх хөгжиж буй орнуудын ард иргэдийн амьдралыг сайжруулах зорилготойгоор ажиллаж буй олон улсын ашгийн бус байгууллага юм. Азийн улс орнуудад тулгарч буй үндсэн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий төслүүдийг жаран жилийн түүх, туршлага дээр үндэслэн хэрэгжүүлж,

  • Сайн засаглал,
  • Эдийн засгийн хөгжил,
  • Эмэгтэйчүүдийг чадавхжуулах,
  • Бүс нутгын хамтын ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлээр ажиллаж байна.

Монгол Улсад ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь төсөл

Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа

Энэхүү судалгааг Канадын Засгийн газар, Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хийсэн болно. Судалгааг Азийн Сан, Сант Марал сантай хамтран явуулсан бөгөөд судалгааны үр дүн нь Канадын засгийн газар болон канадын Гадаад хэргийн яамны үзэл бодлыг илэрхийлээгүй болохыг анхаарна уу.